Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах өдөрт зориулсан НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын хамтарсан мэдэгдэл

01 Зургаа дугаар сар 2020

 

Хүүхдийн баярын энэ өдөр бид ихэвчлэн ололт амжилтаа хуваалцсан эерэг сайхан мэндчилгээ хүргэдэг. Харин энэ жил бидний сэтгэл зовуурьтай, гунигтай  байна. Өнгөрсөн долоо хоногт харамсалтайгаар амь насаа алдсан дөрвөн хүүхдийн эцэг эх, гэр бүл, хайртай дотны хүмүүст нь Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сан болон НҮБ-ын баг, хамт олны нэрийн өмнөөс чин сэтгэлийн эмгэнэл илэрхийлж байна. Монголын хүүхдүүд үл хайхрах байдал, хүчирхийлэлд өртсөөр байгаад НҮБ-ын Хүүхдийн Сан болон НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар гүнээ харамсаж байна. Хүүхэд гэртээ ч, боловсролын байгууллагын болон бусад орчинд ч дарамт, хүчирхийлэл, гэмт хэргийн золиос болсоор байна. Цахим орчинд ч бэлгийн мөлжлөг, дарамтад өртсөөр байна.

Ялангуяа хүүхдийн эсрэг гэмт хэрэг, тэр дундаа бэлгийн хүчирхийлэл улам онц ноцтой болж байгаад бид гүнээ сэтгэл зовниж байна. Энэ бол олон жилийн турш хүүхдийн эсрэг хүчирхийллийг илрүүлэх, мэдээлэх байдал хангалтгүй, энэ төрлийн тохиолдол, хэргийн хохирогч, даван туулагчид үзүүлэх үйлчилгээ мэргэжлийн бус түвшинд байсны  үр дүн.

Үүнийг бид зогсоох ёстой.

Томчууд бид хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүйн золиос нь тэд байх ёсгүй. Эцэг, эх, нийгэм тэр чигээрээ хүүхдийн төлөө илүү ихийг хийх шаардлагатай байна. Монгол Улсын хүүхэд хамгааллын тогтолцоог сайжруулахын тулд дараах тодорхой арга хэмжээнүүдийг нэн даруй авахыг НҮБ-ын Хүүхдийн Сан болон НҮБ-аас Монгол Улсын Засгийн газарт хандан уриалж байна. Үүнд:

  • Үндэсний хэмжээний хүүхэд хамгааллын тогтолцоог цогц бүрдүүлэх ажлыг нэн тэргүүнд шийдвэрлэх. Үүнд, юуны өмнө, мэргэжлийн, мэргэшсэн  нийгмийн ажилтнуудыг  хүүхэд хамгааллын салбарт ажиллуулах
  • Зөвхөн охид төдийгүй хөвгүүдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн уг шалтгаан, нөхцөлийг  тодорхойлох цогц  судалгааг хийх. Энэ нь хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход чухал
  • Үндэсний болон бүс, орон нутгийн түвшинд хүүхэд хамгааллын тоглолцоог бэхжүүлэхэд шаардлагатай төсөв хөрөнгийг хуваарилж, мэргэжил арга зүй болон  хүний нөөцөөр хангах
  • Эцэг эхчүүдэд сэтгэлзүйн болон хуулийн зөвлөгөө, туслалцааг үнэ төлбөргүй өгөх зэрэг болно.

Хүүхэд хэзээд төр засгийн бодлогын эн тэргүүнд явах ёстой. Ямар ч улс төр, сонгууль, онцгой байдал Монголын хүүхэд бүрийг эрхээ бүрэн эдлэхэд нь саад тотгор болох ёсгүй.

Дээрх арга хэмжээнүүдийг нэн даруй авч хэрэгжүүлэхийг НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос Монгол Улсад зөвлөмж болгосон билээ. НҮБ-ын Хүүхдийн Сан болон НҮБ нь хүүхэд бүрийн эрх, сайн сайхныг хангаж, хамгаалахын төлөө үйлсэд нь Монгол Улсыг үргэлж дэмжин ажиллах болно.

Монголын хүүхэд бүрийг хамгаалахад хүн бүр хүчин зүтгэнэ гэдэгт итгэж байна.

 

Алекс Хайкенс
Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч

Тапан Мишра
Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагч

Мэдээлэл харилцааны багтай холбоо барих

Д.Ариунзаяа
Мэдээлэл, харилцааны ахлах мэргэжилтэн
Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сан
Утасны дугаар: (976) 11 312217 2203
Утасны дугаар: (976) 99112652
Цахим шуудангийн хаяг: adavaa@unicef.org

НҮБ-ын Хүүхдийн Сангийн тухай

НҮБ-ын Хүүхдийн Сан нь дэлхийн 190 улс оронд хүүхдийн төрсөн цагаас өсвөр нас хүртэл бүхий л насны хүүхэд бүрийн эсэн мэнд амьдрах, хөгжихөд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

НҮБ-ын Хүүхдийн Санг Facebook болон Twitter дээр дагаарай.