СУРГУУЛЬ БҮРД, СЭТГЭЛ ЗҮЙН ӨРӨӨ

Хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн дэмжицгээе

UNICEF Mongolia
School mental health corner
UNICEF Mongolia
30 Аравдугаар сар 2025

ҮНДЭСЛЭЛ

Монгол Улсын хүн амын 45 хувийг хүүхэд, залуучууд бүрдүүлдэг. Харин 10 - 24 насны хүүхэд, залуучууд хүн амын 25 хувийг эзэлж байна (ҮСХ, 2024). Өнөөгийн хурдацтай өөрчлөгдөж буй дэлхийд ирээдүй хойч үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд нь нийгэм, эдийн засгийн тогтвортой байдал, хөгжлийн үндэс юм. Сэтгэл зүйн хувьд эрүүл байх нь өсвөр үеийнхнийг эрүүл, бүтээлч иргэн болж хөгжих үндсэн нөхцөл болдог. Гэвч сүүлийн жилүүдэд өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн үзүүлэлтүүд ноцтой түвшинд хүрээд байна.

БОЛОМЖ

НҮБ-ын Хүүхдийн Сангийн зүгээс гаргасан мэдээлэлд өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлээгүйн улмаас хөдөлмөрийн зах зээлд хүний нөөц дутагдаж жил бүр дэлхийн улс орнуудын эдийн засагт ойролцоогоор 387 тэрбум ам.доллартой тэнцэхүйц алдагдал үүсдэг гэжээ. Энэ асуудлыг шийдэхэд бид хувь нэмэр оруулж чадна. Өсвөр үеийнхний айдас, сэтгэл гутрал, амиа хорлолтыг бууруулах сургуульд суурилсан хөтөлбөрт оруулсан 1 ам.доллар ирээдүйдээ 21.5 ам.долларын өгөөж өгдөг.

БЭРХШЭЭЛ

Дэлхийн дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаагаар 2023 онд 13–17 насны охидын 49 хувь нь амиа хорлох тухай бодож байсан, тэдний 21 хувь нь амиа хорлох оролдлого хийсэн болохыг тогтоожээ. Түүнчлэн Монголын өсвөр насны хүүхдүүдийн зөвхөн 60.5 хувь нь сэтгэл зүйн хувьд тогтвортой байгааг бөгөөд үлдсэн 30.5 хувь нь нийгэм-сэтгэл зүйн болон сэтгэцийн тулгамдсан асуудалтай гэжээ.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн ОРОЛЦОО

НҮБ-ын Хүүхдийн Сан нь сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр 2016 оноос эхлэн ажиллаж ирсэн бөгөөд хууль эрх зүй, бодлого, стратегийг оновчтой болгох, үндэсний хэмжээнд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна. Мөн аймаг орон нутгийн түвшний үйлчилгээний загварыг бий болгож, сайн туршлагыг түгээхэд анхаарч байна.

ТӨСЛИЙН МЭДЭЭЛЭЛ

Н.Сүхбүрэн уран бүтээлчийн “Нэгэн Цул” хандивын үзэсгэлэнгийн үеэр цугларсан хөрөнгө нь Улаанбаатар хотын хоёр дунд сургуульд өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, тэдэнд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор сэтгэл зүйн өрөө байгуулахад зориулагдана.

ҮР НӨЛӨӨ

Энэ нь ойролцоогоор 3,200 суралцагчдад хүрч үйлчлэхэд туслах юм. Улмаар тэдэнд үзүүлж буй сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулж, суралцагчдыг сэтгэл зүйн хувьд эрүүл байх нөхцөлийг бүрдүүлнэ. Үүний үр дүнд суралцагчдын сурлагын амжилт нэмэгдэж, нийгмийн амьдралдаа идэвхтэй, амжилттай явахад нь дэмжлэг үзүүлэх юм.

ТӨСӨВ

Нэг сэтгэл зүйн өрөө тохижуулах зардал - 14,000,000

(Зардал нь сургууль тус бүрийн хэрэгцээнээс шалтгаалан өөр өөр байна)