Хөхүүл эхийн хооллолттой холбоотой түгээмэл асуултууд

Би илүү их идэх ёстой юу?

UNICEF
A young mom breastfeeding her one-day old infant.
UNICEF Mongolia
29 July 2022
  • Би илүү их идэх ёстой юу? 

  • Хөхүүл байх үед би илүү их шингэн уух хэрэгтэй юу? 

  • Хөхүүл үед би аминдэм уух шаардлагатай юу? 

  • Надад хориглох хүнс байгаа юу?

  • Миний идэж байгаа хоол хүнс хүүхдэд харшил үүсгэх үү? 

  • Би кафейн, согтууруулах ундаа, тамхи хэрэглэж болох уу? 

Би илүү их идэх ёстой юу? 

Хөхүүл эх өдөр бүр нэмэлтээр 2 удаа бага хэмжээний хоол эсвэл зууш идэх шаардлагатай. Хөхүүл эхэд хоногт хоол хүнснээс авах илчлэгийн хэрэгцээ нэмэгддэг хэдий ч хамгийн гол нь зөв тэнцвэртэй хооллох нь чухал. Зарим хүмүүс эхийн сүүний гарцыг нэмэгдүүлэхийн тулд, тэднийг их идүүлэх хэрэгтэй гэж итгэдэг. Энэ нь эхэд хэрэгтэй боловч эхийн сүү үүсэхэд тус болж чадахгүй. 

Хүүхэд хөхөө хөхөх үед үүссэн мэдрэлийн сэрэл нь эхийн өнчин тархинд очин пролактин, окситоцин дааврыг ялгаруулдаг. Пролактин нь хөхөнд сүү үүсгэгч эсүүдэд нөлөөлөн сүү үүсгэдэг. Окситоцин нь эхийн хөхнөөс сүүг гадагш ялгаруулдаг даавар юм.  

Би кафейн, согтууруулах ундаа, тамхи хэрэглэж болох уу? 

Кафейн нь эхийн сүүгээр ялгардаг. Кофе уусан үед зарим хүүхдэд нойргүйдэх, тайван биш болох шинж илэрч болно. Хөхүүл эхчүүдэд өдөрт 2 аяга кофеноос илүү уухыг зөвлөдөггүй. 

Согтууруулах ундаа мөн эхийн сүүгээр ялгардаг тул хөхүүл эх хэрэглэхийг хориглоно. Хэрвээ та 1 хундага дарс уусан бол 2 цагийн дараа хөхүүлж болно.  

Тамхи болон электрон тамхи  нь таны сүү боловсруулалтыг бууруулдаг. Мөн түүнд агуулагдах никотин нь хүүхдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг тул хэрэглэхээс татгалзаарай.  

Хөхүүл байх үед би илүү их шингэн уух хэрэгтэй юу? 

Тийм. Хөхүүл эхчүүд хангалттай шингэн ууж байгаа эсэхээ байнга шалгах хэрэгтэй. Хэрвээ таны ам хуурайших, шээс өтгөн бараан өнгөтэй гарах шинж илэрвэл ууж байгаа шингэнээ нэмэгдүүлэх шаардлагатай. Хөхүүл эхчүүд ус эсвэл хэрэгтэй шингэнийг байнга биедээ авч явах хэрэгтэй. 

Надад хориглох хүнс байгаа юу? 

Хориглох хүнс байхгүй. Эхчүүд өөрийн эрүүл мэндээ хамгаалахын тулд олон нэр төрлийн хүнс идэх шаардлагатай байдаг. Зарим оронд аливаа нэг төрлийн хоол, хүнсийг эхийн хөхөнд сүү оруулдаг гэж итгэдэг. Эдгээр зүйлс нь ихэвчлэн эхэд тайвшруулах нөлөө үзүүлдэг. 

Миний идэж байгаа хоол хүнс хүүхдэд харшил үүсгэх үү? 

Хөхүүл үед идэж буй хоол хүнс хүүхдэд маш бага нөлөө үзүүлдэг. Хэрэв та “харшил үүсгэгч” хүнсний бүтээгдэхүүнийг хэтрүүлэн хэрэглэхгүй, тэнцвэртэй зөв хооллож чадвал таны хүүхдэд харшил үүсэх нь магадлал бага байдаг нь судалгаагаар тогтоогдсон байдаг.  

Цөөн хүүхдэд хөхүүл эхийн идэж байгаа хоол хүнс (ихэвчлэн үнээний сүү эсвэл буурцаг) нь харшил үүсгэдэг. Энэ үед хүүхдэд цустай баах, заримдаа удаан хугацаанд суулгах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрнэ. 

Хөхүүл үед би аминдэм уух шаардлагатай юу? 

Энэ нь таны хооллолтоос шалтгаалдаг. Хэрвээ та цагаан хоолтон бол нэмэлтээр В12 аминдэм уух хэрэгтэй. Хэрвээ та ямар нэг хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэддэггүй бол эмчид хэлж өөрт шаардлагатай аминдэмийг нэмэлтээр ууна.  

Зарим эхчүүд төрсний дараа цус багадалттай байдаг тул төмрийн бэлдмэл нэмэлтээр уухыг эмч нар зөвлөдөг.  

Мөн хөхүүл эхчүүдэд кальци болон Д аминдэмийн хэрэгцээ нэмэгдэх бөгөөд эдгээр нь таны ясыг бат бэх байлгахад тусладаг. Тиймээс Д аминдэм болон кальци их агуулдаг хүнсний бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх шаардлагатай байдаг.