КОВИД-19: Эцэг эхчүүд юу мэдэх ёстой вэ?
Өөрийгөө болон үр хүүхдээ хэрхэн хамгаалах талаар

- Боломжтой:
- English
- Mongolian
< НҮБ-ын Хүүхдийн Сангийн КОВИД-19 хуудас руу буцах
КОВИД-19-ийн цар тахал нь дэлхий дахинд тархаж, дэлхийн өнцөг булан бүрд буй хүүхдүүд, тэдний гэр бүлийн амьдралд маш хүчтэй нөлөө үзүүлсээр байна. КОВИД-19-ийн халдвар тархах тусам түүнтэй зэрэгцэн худал ташаа мэдээлэл тархаж, ялгаварлан гадуурхах, гутаан доромжлох хандлагыг улам дэврээсээр байна. НҮБ-ын Хүүхдийн Сан эрүүл мэндийн мэргэжилтнүүдтэй хамтран айдас түгшүүр бүхий худал ташаа мэдээллээс илүү найдвартай удирдамж, зөвлөмж боловсруулан нэвтрүүлэх, баримттай, мэдээллийг сурталчлах, гэр бүл, хүүхдийн эрх ашигт нийцсэн, гарч болзошгүй зарим асуултад хариу өгөх чиглэлээр ажиллаж байна.
КОВИД-19 гэж юу вэ?
Коронавируст халдвар 2019 (КОВИД-19)-ийн товчилсон үг “КО” гэдэг нь корона, “ВИ” нь вирус, ‘Д’ нь diease буюу англиар өвчин гэсэн үгийн нийлэмж бөгөөд БНХАУ-ын Ухань хотод анх тогтоогдсон коронавирусийн шинэ омгийн улмаас үүссэн халдварт өвчин юм.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага КОВИД-19-ийг цар тахал гэж тодорхойлсон нь ямар утгатай вэ?
КОВИД-19-ийг цар тахлын шинж чанартай гэж тодорхойлсон бөгөөд энэ нь уг вирус үхлийн аюултай гэсэн үг биш юм. Харин энэ өвчний дэлхий дахины газарзүйн бүсийн тархалтыг хүлээн зөвшөөрсөн утгатай үг юм.
КОВИД-19-ийн илрэх шинж тэмдэг ямар байх вэ?
КОВИД-19-ийн үед гарах шинжүүд нь томуу, томуу төст өвчин, ханиад, бусад өвчний шинж тэмдгүүдтэй адил төстэй байдаг тул КОВИД-19-ийн халдвар туссан тохиолдлыг батлахын тулд шинжилгээ хийх шаардлагатай. Шинж тэмдэг нь вирусийн халдвар авснаас хойш 2-14 хоногийн дараа илрэх бөгөөд хөнгөнөөс дунд, хүнд, хэлбэрээр явагддаг. Гэхдээ халдвар авсан зарим хүмүүст шинж тэмдэг илрэхгүй байж болно.
Хамгийн нийтлэг шинж тэмдэг нь халуурах, ханиалгах, ядарч сульдах юм. Бусад шинж тэмдэгт амьсгал давчдах, цээжээр өвдөх, хүндрэх, булчин, бүх бие өвдөх, толгой өвдөх, амт, үнэр мэдрэхгүй болох, толгой эргэх, хоолой өвдөх, хамар битүүрэх, нус гоожих, гүйлгэх, дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, арьсны тууралт зэрэг шинж тэмдэг орно. Эдгээр шинж тэмдгээс гадна нялх хүүхдэд хоолондоо дургүй болох огиулах, бөөлжих шинж гарна.
Бүх насны хүүхэд КОВИД-19-ийн халдвараар өвчилж болно. Хүүхэд болон насанд хүрэгчдэд ижил төстэй шинж тэмдэг илэрдэг ч ерөнхийдөө хүүхдүүд насанд хүрэгчдээс харьцангуй хөнгөн өвчилдөг. ("КОВИД-19 хүүхдэд нөлөөлдөг үү?" сэдвийг үзнэ үү).
Амьсгалахад хүндрэлтэй байх, амьсгал сулрах эсвэл хурдсах (шуухитнах, нярай хүүхэд хөхөө хөхөж чадахгүй байх), уруул, царай хөхрөх, цээжээр өвдөх, хүндрэх, толгой эргэх, цочиж сэрэх, тайван бус болох, тоглох дургүй болох, шингэн зүйл ууж чадахгүй байх, ходоод гэдсээр хүчтэй өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлгийн тусламж дуудах шаардлагатайг илтгэнэ.
Томуугийн вакцинаар өөрийгөө болон хүүхдээ цаг тухайд нь вакцинжуулах талаар тодорхой мэдлэг, мэдээлэлтэй байх хэрэгтэй.
КОВИД-19-ийн вирус хэрхэн халдварладаг вэ?
Вирус нь халдвар авсан хүний амьсгал, агаар дусал (ханиалгах, найтаах, ярих, дуулах үед үүсдэг) нь ойролцоох хүмүүсийн ам, хамар, нүд рүү орох замаар ихэвчлэн халдварладаг. Хүмүүс вирусээр бохирлогдсон гадаргууд хүрсний дараа ам, хамар, нүдэндээ гараа хүргэж, халдвар авдаг. КОВИД-19-ийн вирус нь гадаргуу дээр хэдэн цагаас хэдэн өдрийн турш амьдрах боломжтой боловч энгийн ариутгагч бодист устгах боломжтой.
Вирус агаараар дамжин тархаж буйг агаар дуслын замаар халдварлах гэж нэрлэдэг бөгөөд эрүүл мэндийн зарим байгууллагын орчинд эмнэлгийн ажилбар хийх үед агаарт удаан хадгалагддаг аэрозоль хэмээх жижиг дусал үүсгэдэг. Нэмж дурдахад, богино зайд агаараар дамжин халдварлах магадлал өндөр, ялангуяа агааржуулалт муутай, хөдөлгөөн ихтэй битүү орчинд халдвар авсан хүмүүс бусадтай ойр зайд удаан хугацаанд хамт байснаар халдвар тархдаг тухай мэдээллийг та сонссон байх. Одоогийн байдлаар КОВИД-19-ийн халдвар агаар дуслын замаар холын зайд дамждаггүй гэж үзэж байна.
КОВИД-19-ийн халдвар нь гол төлөв шинж тэмдэг илэрсэн үед (бага зэргийн шинж тэмдэг) хүмүүст дамждаг бөгөөд шинж тэмдэг илрэхийн өмнөх үед, удаан хугацаанд бусадтай ойрын зайд хамт байх үед халдварлах боломжтой. Шинж тэмдэг огт илрээгүй хүн ч вирусийг бусдад дамжуулдаг бөгөөд энэ нь хэр зэрэг халдварлах чанартай талаар судалгаа хийгдэж байна.
КОВИД-19-ийн вакцин байдаг уу?
Аюулгүй, үр дүнтэй вакцин бүтээхэд тодорхой хэмжээний хугацаа шаарддаг. Гэвч шинжлэх ухааны ололтод тулгуурлан өмнө нь байгаагүй хэмжээний хөрөнгө оруулалт хийсний үр дүнд эрдэмтэд КОВИД-19-ийн эсрэг вакциныг богино хугацаанд гаргаж чадсан бөгөөд үүний дараах нотолгоонд суурилсан, хатуу зохицуулалтын стандартыг мөрдөн ажиллаж байна.
Хүүхдэд КОВИД-19-ийн вакцин хийлгэх боломжтой юу?
Хүүхдийн дархлааны тогтолцоо нь тэдний наснаас хамааран насанд хүрэгчдийнхээс ялгаатай болно. КОВИД-19-ийн вакцины анхны туршилтад хүүхдүүд хамрагдаагүй тул уг вакцин тэдний хувьд аюулгүй эсэх талаар судалгаа хийж байна. Судалгаанд суурилсан мэдээлэл нэмэгдэхийн хэрээр бид зөвлөмжийг цаг тухайд нь шинэчлэн гаргах болно. Энэ үед КОВИД-19 тархахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үндэсний болон орон нутгийн зохих заавар, удирдамжийг дагаж мөрдөөрэй.
КОВИД-19-ийг үүсгэдэг вирусийн хувилбарууд байдаг тухай сонслоо. Энэ юу гэсэн үг вэ?
Цаг хугацаа өнгөрөхөд вирус мутацид орох нь хэвийн үзэгдэл юм. КОВИД-19-ийг үүсгэдэг коронавирусийн шинэ хувилбарууд илүү хурдацтай тархах, хүнд өвчлөл үүсгэх, вакцины үр дүнд нөлөөлөх эсэхэд мэргэжилтнүүд байнга хяналт тавьж, судалгаа хийж байна. Вирусийн зарим шинэ омог илүү хурдан халдварлах чадвартай гэж үзэж байгаа боловч илүү хүндээр өвчлүүлдэг гэсэн нотолгоо байхгүй байна.
КОВИД-19-ийн халдварын дэгдэлтийг сааруулах, таслан зогсоох хамгийн үр дүнтэй арга бол вирус тархахаас урьдчилан сэргийлж, гараа тогтмол угаах, хүн хоорондын зай барих, маск зүүх, дотоод орчны агаар сэлгэлтийг сайтар хийх зэрэг зөвлөмжийг хүн бүрд өгч, байнга дагаж мөрдөх явдал юм.
КОВИД-19-ийн шинэ хувилбар нь хүүхдэд илүү аюултай юу?
Дэлхийн дахины судлаач мэргэжилтнүүд вирусийн хувилбаруудын хүүхдэд үзүүлэх нөлөөллийг сайтар илрүүлэхийн тулд байнгын хяналт тавин судалгаа хийн ажиллаж байна. Их Британид анх тогтоогдсон зарим хувилбар нь хүмүүст, тэр дундаа хүүхдэд илүү халдварлах чадвартайг тогтоожээ.
Дэлхийн хэд хэдэн оронд тархсан вирусийн шинэ хувилбарууд халдвар авсан хүмүүст илүү хүнд өвчлөл үүсгэж болзошгүй эсэхийг судлах судалгааны ажил үргэлжилж байна. Одоогийн байдлаар эдгээр хувилбарт хүүхэд илүү өртөмтгий гэх нотолгоо гараагүй бөгөөд залуу хүмүүс хүндээр өвчлөх нь харьцангуй ховор хэвээр байна.
КОВИД-19-ийн халдварын тархалтаас сэргийлэхийн тулд дээр дурдсан урьдчилан сэргийлэх аргачлал, санамжийг дагаж мөрдөхөд нь эцэг эхчүүд хүүхдүүддээ хамгийн сайн дэмжлэг үзүүлэх ёстой.
“Удаан үргэлжлэх КОВИД” гэж юу вэ? Хүүхдүүд үүнд өртөх үү?
КОВИД-19-ийн халдвар авч эдгэрснээс хойш зарим хүмүүст хэдэн долоо хоног, хэдэн сарын турш үргэлжилдэг шинж тэмдгийг КОВИД-ын дараах “урт хугацааны эмгэг” гэж тодорхойлдог нэр томьёо юм.
КОВИД-19-ийн цочмог халдварын шинж тэмдэг бага илэрсэн, архаг өвчин эмгэггүй хүүхэд, залуучуудад илүү ажиглагдаж байна. КОВИД-ын дараах “урт хугацааны эмгэг”-тэй хүүхдүүдийн тоо тодорхойгүй боловч судалгаанаас харахад ядарч сульдах, ходоод гэдэс хямрах, хоолой залгиур, толгой, булчин өвдөх, сулрах зэрэг шинж тэмдгүүд хүүхдүүдэд илэрч байна.
Хүүхэд, өсвөр насныханд ховор тохиолдох боловч ноцтой эмгэг болох “хүүхдийн олон эрхтэн тогтолцооны үрэвслийн хам шинж” (ХОЭТҮХШ) нь КОВИД-19-ийн халдвартай холбоотой гарч болох юм. (Холбогдох шинж тэмдгүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу).
Хэрэв таны хүүхэд эсвэл гэр бүлийн гишүүнд КОВИД-19 цочмог халдварын дараа шинээр эсвэл байнгын шинж тэмдэг илэрвэл даруй эмчид хандах хэрэгтэй.
Өөрийгөө болон бусдыг КОВИД-19-өөс хэрхэн хамгаалж чадах вэ?
Халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд та болон танай гэр бүлийн гишүүдийн дагаж мөрдвөл зохих зарим урьдчилан сэргийлэх зөвлөмжийг энд оруулав. Үүнд:
- Гараа савантай усаар угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгчээр байнга халдваргүйжүүлэх хэрэгтэй. (Уншаарай: КОВИД-19-өөс хамгаалахын тулд гар угаах талаар мэдэх ёстой бүх зааварчилгаа);
- Ханиах, найтаахдаа ам, хамраа амны цаасаар таглах, эсвэл гарын шууны дотор тал руу ханиах. Хэрэглэсэн амны цаасыг нэн даруй хаях;
- Бусдаас дор хаяж 1 метрийн зай барих;
- Гар утас, хаалганы бариул, гэрлийн унтраалга, тавцан гэх мэт байнга хүний гар хүрдэг гадаргууг тогтмол цэвэрлэж, ариутгах;
- Хэрэв та эсвэл таны хүүхэд халуурах, ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй болох эсвэл КОВИД-19-ийн бусад шинж тэмдэг илэрвэл аль болох эрт эмнэлгийн тусламж авах;
- Олон хүн цугласан газар, агааржуулалт муутай давчуу, битүү газраас зайлсхийж, олон нийтийн газарт хүн хоорондын зайг тогтмол барих;
- Хүн амын дунд халдвар тархсан үед болон хүн хоорондын зай барих боломжгүй олон нийтийн амны хаалт зүүх;
- Бүх өрөө тасалгааны агаарыг тогтмол сэлгэх;
Амны хаалт зүүхдээ халдвар дамжих эрсдэлээс сэргийлэхийн тулд зөв хэрэглэж, хаях нь чухал. Нэг удаагийн амны хаалтыг 2-3 цаг тутамд сольж, зөвхөн нэг удаа хэрэглэнэ.
Маны хаалт зүүх нь дангаараа халдварыг зогсооход хангалтгүй тул гараа тогтмол угааж, найтаах, ханиалгах үедээ ам хамраа таглах, ханиад, томуу төст шинж тэмдэг (ханиалгах, найтаах, халуурах) шинж тэмдэгтэй хүнтэй ойрын зайнаас харьцахаас зайлсхийх хэрэгтэй.
КОВИД-19 хүүхдэд нөлөөлдөг үү?
Энэ бол шинэ вирус бөгөөд хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлж байгааг эрдэмтэд судалсаар байна. Ахмад настай эсвэл суурь өвчтэй хүмүүс илүү хүнд өвдөх магадлалтай боловч аль ч насны хүмүүс халдвар авч, вирус дамжуулах боломжтой гэдгийг бид бүгд мэдэж байх ёстой.
Хүүхэд, өсвөр насныханд тохиолдож буй ховор боловч ноцтой эрсдэл бүхий “Олон эрхтэн тогтолцооны үрэвслийн хам шинж” нь КОВИД-19-тэй холбоотой байж болзошгүй гэж дээр дурдсан. Энэхүү хам шинжтэй хүүхдэд байнга халуурах, тууралт гарах, нүд улайх, хавдах, уруул улаан хүрэн болох, гар, хөл мөч сулрах, хоол боловсруулах эрхтний эмгэгшил үүсэх, эрхтнүүдэд цусан хангамж багасах, цусны даралт буурах болон бусад үрэвслийн шинж тэмдгүүд гарсан байна.
Эдгээр шинж тэмдэг бүхий хүүхдийн ихэнх нь КОВИД-19-д илүү өртөмтгий болох нь харагдсан ч халдвар энэ нөхцөлийг өдөөж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Одоогийн байдлаар эдгээр тохиолдол ихэвчлэн Хойд Америк, Европ тивд бүртгэгдсэн байна. Энэ хам шинж дэлхийн бусад хэсэгт бүртгэгдсэн эсэхийг бид одоогоор мэдэхгүй, хараахан сайн судлагдаагүй байна. Ийм шинж тэмдэг илэрсэн хүүхдүүдэд эмнэлгийн тусламжийг эрт үзүүлэх шаардлагатай. Эрт оношилж, эмчлэх нь нэн чухал бөгөөд ихэнх тохиолдолд үрэвслийн эсрэг эмчилгээ үр дүнтэй байжээ.
КОВИД-19-ийн халдварын дэгдэлтийг хянах сэргийлэх арга хэмжээ болох хөл хорио тогтоох, сургууль хаах, хүн хоорондын зай барих зэрэг арга хэмжээ нь хүүхдүүдэд харилцан адилгүй нөлөөлөх хандлагатай байна. Хүүхдэд үзүүлэх сөрөг үр дагавраас аль болох урьдчилан сэргийлэх, багасгахад онцгой анхаарал хандуулах хэрэгтэй.
Хэрэв миний хүүхдэд КОВИД-19 халдварын шинж тэмдэг илэрвэл юу хийх вэ?
Эмнэлэгт хандах шаардлагатай, гэхдээ ханиалгах, халуурах зэрэг КОВИД-19-ийн шинж тэмдэг нь элбэг тохиолддог ханиад, томуутай адилхан гэдгийг санаарай.
Гарын болон амьсгалын замын эрүүл ахуйн заавар, дэглэмийг мөрдөж, гараа тогтмол угааж хүүхдээ бусад вирус, бактерийн гаралтай өвчин эмгэгээс хамгаалаарай.
Ханиад, томуу гэх мэт амьсгалын замын бусад халдварын нэгэн адил шинж тэмдэг танд болон таны хүүхдэд илэрвэл эртхэн эмнэлэгт хандаж, бусдад тараахаас сэргийлэхийн тулд олон нийтийн газар (ажлын байр, сургууль, нийтийн тээвэр) явахаас зайлсхийгээрэй.
Аялах тохиолдолд гэр бүлээрээ урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авах вэ?
Аялал хийхээр төлөвлөж буй хэн бүхэн аялах нь зүйтэй эсэх талаар орон нутгийн болон Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэр, удирдамжийг дагаж мөрдөх хэрэгтэй. Аялахаар төлөвлөж буй хүмүүс зорчих газрынхаа хорио цээрийн шаардлага, шалган нэвтрүүлэх хязгаарлалт, болон бусад холбогдох зөвлөгөө, мэдээллийг урьдчилан шалгах хэрэгтэй. Аяллын үеэр халдвараас сэргийлэх, хамгаалах арга хэмжээг гэртээ байдгийн адилаар хэрэгжүүлээрэй.
Аяллын стандарт шаардлагыг мөрдөхөөс гадна эх орондоо эргэн ирэхдээ хорио цээрийн дэглэмд орох эсвэл нэвтэрч чадахгүй байх зэрэг эрсдэлээс сэргийлэх үүднээс Олон улсын иргэний агаарын тээврийн холбооны цахим сайт дахь КОВИД-19-ийн хамгийн сүүлийн үеийн шинэчилсэн мэдээлэл буюу улс орнууд дахь хязгаарлалтын арга хэмжээтэй танилцахыг зөвлөж байна.
Аяллаар явахдаа эцэг эхчүүд өөрсдийн болон хүүхдүүдийн халдвараас сэргийлэх хамгаалах эрүүл ахуйн стандарт арга хэмжээг байнга дагаж мөрдөхийг хичээх хэрэгтэй. Тухайлбал: гараа зөв, тогтмол угаах, ханиалгах, найтаах шинж тэмдэгтэй хүнтэй ойрын зайнаас харьцахаас зайлсхийх хэрэгтэй. Дараах зүйлсийг нэмэлтээр зөвлөж байна. Үүнд: Онгоц, бусад тээврийн хэрэгсэлд ороод суудал, гарын түшлэг, мэдрэгчтэй дэлгэц зэргийг спиртэн суурьтай ариутгалын салфеткаар арчиж цэвэрлэнэ. Мөн та болон таны хүүхдүүдийн байрлаж буй зочид буудал, бусад байрны хүрэлцэх гадаргуу, хаалганы бариул, удирдлага зэргийг спиртэн суурьтай ариутгалын салфетка ашиглан цэвэрлээрэй.
Жирэмсэн эмэгтэйчүүд хэвлий дэх хүүхдэдээ коронавирус дамжуулдаг уу?
Одоогоор жирэмсэн эхээс урагт вирус дамждаг эсэх, цаашид хүүхдэд хэрхэн нөлөөлдөг талаар хангалттай баримт байхгүй, уг асуудлыг нарийвчлан судалж байна. Жирэмсэн эмэгтэйчүүд вирусийн халдвараас өөрийгөө хамгаалахын тулд зохих урьдчилан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн мөрдөж, халуурах, ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй зэрэг шинж тэмдэг илэрвэл аль болох эрт эмнэлгийн тусламж авах хэрэгтэй.
Коронавируст халдвартай эх хүүхдээ хөхөөр хооллоход аюулгүй юу?
Халдвар тархсан болон эрсдэлтэй бүсэд байгаа эхчүүдэд халуурах, ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй байх зэрэг шинж тэмдэг илэрвэл аль болох эрт эмнэлгийн тусламж авч, эрүүл мэндийн байгууллагын зааврыг дагаж мөрдөх нь зүйтэй.
Амьсгалын замын болон бусад вирус эхийн сүүгээр дамждаггүй зэргийг харгалзан үзэж эхийн зүгээс шаардлагатай бүх урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэн хүүхдээ үргэлжлүүлэн хөхөөр хооллох хэрэгтэй.
Коронавирусийн халдварын улмаас ялгаварлан гадуурхах, гутаан доромжлох зэрэгт санаа зовж байна уу. Асуудлын талаар ярилцах хамгийн сайн арга юу вэ?
Хэрэв та коронавируст халдварт өртсөн бол санаа зоволтгүй. Гэхдээ хэт айх, цочирдох нь таны дархлааг бууруулан бусдын зүгээс ялгаварлах, гутаан доромжлох нөхцөл байдлыг улам бүр дордуулдаг. Тухайлбал: дэлхийн өнцөг булан бүрд хувь хүмүүс, ялангуяа Ази гаралтай хүмүүс хэл амаар доромжлуулах, тэр байтугай бие махбодын хүчирхийлэлд өртөж байна гэсэн мэдээлэл байна.
Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед халдварт өртсөн хүн бүрийн хувьд сэтгэл зүйн стресстэй хүнд үе байдаг. Халдварын талаар үнэн зөв мэдээлэлтэй байх, бие биеэ сайхан сэтгэлээр дэмжих нь нэн чухал юм. Цар тахлын үеийн хүмүүсийн хоорондын харилцаа, үг яриа чухал бөгөөд одоогийн хэрэглэж байгаа хэвшмэл, олон давтсан хэл яриаг ашиглах нь хүмүүсийг өөрийгөө хамгаалах, хяналт тавих, оношилгоонд хамрагдахаас зайлсхийх, өөрийгөө болон олон нийтийг хамгаалахад шаардлагатай арга хэмжээ авахад удаашрах, тоохгүй байхад хүргэх тохиолдол бий.
Цахим орчинд коронавирусийн талаар маш их мэдээлэл байдаг. Би юу хийх вэ?
Коронавирусийн талаар хэн нэгэн санаанаасаа зохиосон болон худал ташаа олон тооны мэдээлэл цахим орчинд тархсан байна. НҮБ-ын Хүүхдийн Сангаас КОВИД-19-ийн талаар нэмэлт мэдээлэл, зааварчилгаа авах боломжтой портал сайт нээсэн. Түүнчлэн үндэсний болон орон нутгийн байгууллагуудын гаргасан сургууль, боловсролын байгууллага, аялал жуулчлалын үеийн халдвар хамгааллын хамгийн сүүлийн үеийн зөвлөгөө, мэдээллийг цаг тухайд нь авч байхыг зөвлөж байна. Нэмж дурдахад, хамгийн түгээмэл тавьдаг асуулт хариултын хэрэгцээт мэдээллийг ДЭМБ-ын цахим хуудаснаас авч болно.