Охидын өрөө Сарын тэмдгийн эрүүл ахуйд ээлтэй орчныг бүрдүүлж байна
Охид бүрд, сарын тэмдгийн эрүүл ахуй
- Боломжтой:
- English
- Mongolian
Өлзийбүрэнгийн Ичинхорлоо нь Завхан аймгийн 1-р арван жилийн 11-р ангид суралцдаг сэргэлэн, цовоо 17 настай охин юм. Тэрээр аймгийн төв Улиастай сумаас 100 км-ийн зайд орших Отгон суманд төрж, өссөн.
Ичинхорлоо анх сургуулийн дотуур байранд эгчтэйгээ хамт нүүж ирсэн тул түүнд шинэ орчинд дасан зохицох тийм ч хэцүү биш байв. Түүний анхны сарын тэмдэг ирэх үед эгч нь дэргэд нь байсан тул энэ чухал үеийг айж эмээх зүйлгүй, хөнгөн өнгөрөөжээ. Гэхдээ дотуур байрны бүх охид түүнтэй адил эгчтэйгээ хамт амьдардаггүй учраас Ичинхорлоо хамт амьдардаг сургуулийн дүү нартаа төрсөн эгч шиг нь тусалж дэмжиж байхыг хүсдэг байна.
Дотуур байрны охидын хувьд бага байхаасаа сарын тэмдгийн талаар нээлттэй ярилцаж байгаагүй учир энэ сэдвээр мэдлэг бага байдаг. Ичинхорлоотой Охидын өрөөний буйдан дээр суугаад ярилцаж байх үед тэрээр “Намайг бага байхад эгч маань ээжээс сарын тэмдэг гэж юу юм бэ? гэж асуусан. Ээж маань, миний охин, том болохоороо өөрөө мэднэ ээ гэж хариулж байсныг санаж байна” хэмээн дурсаж байсан юм.

Ичинхорлоо 2022 онд Завхан аймгийн Эрүүл мэндийн газраас НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран зохион байгуулсан зургаан цагийн сургалтад хамрагдаж, үе тэнгийн сургагч багшийн сертификат авсан. Түүнээс хойш аймгийнхаа Дөрвөлжин, Завханмандал, Эрдэнэхайрхан сумдын сургуулиудад зочилж нийт 60 гаруй охид, хөвгүүдэд сарын тэмдгийн эрүүл ахуй, нөхөн үржихүйн эрүүл мэндийн хичээл заажээ. Тэрээр хоёр найзынхаа хамт сургуулийнхаа дотуур байрны Охидын өрөөг сайн дураараа хариуцан ажиллаж, хамт амьдарч буй дүү нартаа эгч шиг нь байж дэмжиж тусалдаг байна.

Охид энэхүү өрөөндөө мэдээллийн самбар байрлуулж, сарын тэмдэг болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх шинэ мэдээллээр тогтмол шинэчилдэг. Хамгийн сүүлд 2023 оны 2-р сард Эрүүл мэндийн газрын эрүүл мэндийн мэргэжилтний зохион байгуулсан сургалтаас олж авсан мэдлэг дээрээ үндэслэн шинэчилсэн байна.

Охидын өрөөнд ариун цэврийн хэрэглэл хийсэн зориулалтын шүүгээ байдаг бөгөөд дотуур байрны охид хэрэгтэй үедээ авч хэрэглээд боломжтой үедээ буцааж хийдэг байна. Дотуур байр оройны 8 цагт хаалгаа хаадаг тул ийм шүүгээтэй болохоос өмнө охид шөнийн цагаар ариун цэврийн хэрэглэл авах боломжгүй байсан юм. Харин одоо сургуулийн удирдлага болон дотуур байрны багш нарын дэмжлэг, ойлголтоор охид хэрэгцээтэй үедээ ариун цэврийн хэрэглэл ашиглах боломжтой болжээ. Мөн Улиастай сумын сургуулийн бие засах газруудад энэхүү шүүгээтэй ижил шүүгээг хийсэн байна.
НҮБ-ын Хүүхдийн Сан хөдөө орон нутгийн сургуулиудын дотуур байруудад Охидын өрөөг бий болгосноор охидын сарын тэмдгийн талаарх өөртөө итгэх итгэл, нээлттэй байдал нь нэмэгдэж байна.
"Нэг удаа математикийн хичээл орж байх үед гэнэт миний сарын тэмдэг ирсэн. Багш маань эрэгтэй байсан тул би санаа зовж, түүнийг миний байдлыг ойлгохгүй, үл ойшоох байх гэж бодож байсан. Гэхдээ би зориг гарган түүнд гэр лүү гээ явж ариун цэврийн хэрэглэлээ авах хэрэгтэй байгаагаа хэлсэн. Гэтэл багш маань намайг маш сайн ойлгож, намайг явахыг зөвшөөрсөнд би их гайхаж байсан. Багшийн маань жижиг мэт энэхүү үйлдэл миний амьдралд ач холбогдол ихтэй дурсамж болон үлдсэн." Ичинхорлоогийн найз Ш. Ганчимэг.
Ичинхорлоо болон бусад охидууд сарын тэмдгийн талаарх хөвгүүдийн хандлага эерэгээр өөрчлөгдөж байгааг анзаарсан гэнэ. Өмнө нь хөвгүүд хэн нэгэн охины сарын тэмдэг ирсэн байгааг мэдвэл дооглож тохуурхдаг байсан бол одоо тэд охидыг илүү ойлгож, дэмждэг болсон байна. Ангийнх нь хөвгүүд сарын тэмдгийн талаар илүү ихийг олж мэдэх эрмэлзэлтэй байгаа бөгөөд ингэснээр тэд охидыг хэрхэн илүү сайн дэмжиж, тусалж болох вэ гэдгээ мэднэ гэжээ.
Охид эдгээр эерэг өөрчлөлтүүдэд баярлаж байгаа бөгөөд Ичинхорлоо хэлэхдээ, "Охидын өрөө байгуулагдсан цагаасаа эхлэн хөвгүүдийг ч мөн сургалтдаа хамруулж, сарын тэмдгийн эрүүл мэнд, эрүүл ахуйн талаар ойлголттой болоход нь тусалж байсан нь нөлөөлсөн байх" гэв.
Мөн тэрээр, "Хөвгүүд сарын тэмдэгийн үеэр охид юу мэдэрдгийг ойлгох нь маш чухал. Учир нь тэд ирээдүйд аав болж охинтой болно шүү дээ. Хэрвээ намайг бага байхад аав, ээж маань сарын тэмдгийн талаар сайн тайлбарлаж өгсөн бол миний анхны сарын тэмдэг ирэхэд би тэгтлээ айхгүй байх байсан. Тиймээс би том болоод охинтой болбол багаас нь сарын тэмдгийн талаар зааж сургана" гэв. Ичинхорлоо охинтой ижил түүхтэй олон охид манай оронд бий.

Сургуулийн дотуур байруудад Охидын өрөө бий болгох ажил нь 2019 онд Баянхонгор аймгийн Баян-Цагаан сумаас эхэлсэн бөгөөд 2022 онд НҮБ-ын Хүүхдийн Сан Люксембург сангийн дэмжлэгээр Завхан аймгийн Улиастай сумын сургуулийн дотуур байранд Охидын өрөөг тохижуулсан юм.
НҮБ-ын Хүүхдийн Сан энэхүү сайн туршлагаа орон даяар хэрэгжүүлэх, сургуулийн дотуур байрны стандартад охидын сарын тэмдгийн эрүүл ахуйн асуудлыг багтаах талаар Боловсрол, шинжлэх ухааны яамд нөлөөлж, дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Охид бүрд, сарын тэмдгийн эрүүл ахуй