НҮБ-ын Хүүхдийн Cан удахгүй хэрэгжих Улс орны хөтөлбөрөөр баруун бүсийн төслүүдээ өргөжүүлнэ

Баруун бүсийн аймгуудын нөхцөл байдал, хамтын ажиллагааны боломжийн талаар судлах

Sharon Gallo Carpentieri
dep rep and children
UNICEF Mongolia
25 Тавдугаар сар 2022

5 сарын 23, Улаанбаатар хот - 4-р сарын 26-аас 5-р сарын 7-ны өдрүүдэд НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын шадар суурин төлөөлөгч Аяако Кайно тэргүүтэй НҮБ-ын Хүүхдийн Сангийн мэргэжилтнүүдийн баг Монгол улсын баруун бүсийн аймгуудаар зорчиж, НҮБ-ын Хүүхдийн Сангийн санаачилгыг бүс нутагт өргөжүүлэх боломжийг судлав. 2023-2027 оны Улс орны хөтөлбөрийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн Сан үйл ажиллагааныхаа арга хэлбэрийг өөрчилж, "Сумын загвар хандлага"-аар дамжуулан тус улсад гол анхаарлаа хандуулж ажиллах газарзүйн бүс нутгийг тэлэх үүрэг амлалт хүлээсэн юм.

Мэдээ баримт цуглуулах энэхүү томилолтын гол зорилго нь аймаг нэг бүрт хүүхдийн нөхцөл байдлыг тодорхойлох, мөн боловсрол, эрүүл мэнд, хоол тэжээл, хүүхэд хамгааллын чиглэлээр үзүүлж буй нийгмийн суурь үйлчилгээг ажиглах замаар хүүхдийн эрхийг хэрэгжүүлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээл болон хэрэгцээ шаардлагыг судлах явдал байв. Томилолтын үеэр НҮБ-ын Хүүхдийн Сангийн шадар суурин төлөөлөгч НҮБ-ын Хүүхдийн сангаас 2023 оноос эхлэн хэрэгжүүлэх таван жилийн хөтөлбөрийн гол чиглэлүүдийг танилцуулсан юм.

Томилолтын эхний зогсоол Орхон аймаг байлаа. Энэхүү анхны айлчлалын үеэр НҮБ-ын Хүүхдийн Сангийн шадар суурин төлөөлөгч болон НҮБ-ын Хүүхдийн сангийн багийн бусад гишүүд Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргалтай уулзаж, хүүхэд хамгааллын чиглэлд гарсан ахиц дэвшлийн талаар ярилцсан юм. Хүүхдэд ур чадвар олгох үйл ажиллагаануудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа аймгийн засаг захиргаа энэ үеэр илэрхийлэв. Тус аймагт хүүхэд хөгжлийн хөтөлбөрийг улам боловсронгуй болгох үүднээс өнгөрсөн жилүүдэд Хүүхдийн хөгжил хариуцсан ажилтны орон тоог шинээр бий болгож, орон нутгийн төсвөөс бүрэн санхүүжүүлжээ. НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа Орхон аймаг 2021 онд илэрхийлж байсан бөгөөд цаашид НҮБ-ын Хүүхдийн Сантай үр дүнтэй хамтран ажиллах боломж тохиож буйд нэн баяртай байв.

Мэдээ баримт цуглуулах томилолт Хөвсгөл аймагт үргэлжилж, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга болон холбогдох бусад хэлтсүүдийн ажилтнууд, дарга нартай хийсэн уулзалтын үеэр НҮБ-ын Хүүхдийн Сангийн баг тус аймагт хүүхдэд ээлтэй хот байгуулах зорилгоор сүүлийн дөрвөн жилд хэрэгжүүлсэн тогтвортой байдлын төлөвлөгөөний тухай шинэ мэдээ мэдээллийг хүлээн авав. ГБХЗХГ, түр хамгаалах байр, Өрхийн эрүүл мэндийн төвд хийсэн уулзалт, айлчлалын үеэр НҮБ-ын Хүүхдийн Сангийн шадар суурин төлөөлөгч өмнөх туршилтын төслийн үед тулгарсан хүндрэл бэрхшээл болон авсан сургамжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүлээн авч, цаашдын хамтын ажиллагаанд хэрэг болох мэдээллийг цуглуулав.

Улаангом хотын төвд НҮБ-ын Хүүхдийн Сангийн багийнхан аймгийн Засаг дарга Ч. Чимэд, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Ядамсүрэн тэргүүтэй олон хүмүүстэй уулзаж ярилцсан юм. Тэд Коронавируст халдвар (КОВИД-19) цар тахлын үед хүүхдүүдэд тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар танилцуулж, сургуулиудад сэтгэцийн эрүүл мэндийн сэдвийг хөндөх, мөн бага ангийн хүүхдэд тохирсон, шаардлага хангасан хүүхэд хөгжлийн хөтөлбөр боловсруулах хэрэгцээ шаардлага байгааг тус тус онцоллоо. Түүнчлэн хүүхдийн эмч, нярайн эмч нарыг сургалтанд хамруулах замаар эрүүл мэндийн ажилтнуудын чадавхийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байгааг аймгийн Эрүүл мэндийн хэлтсийн дарга илэрхийлж, урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн мэдлэг ойлголт бий болгох үйл ажиллагааг өрнүүлэх нь чухал болохыг онцлов.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн баг Баян-Өлгий аймагт очиход аймгийн Засаг даргын орлогч С.Конаев хэлтсүүдийн дарга нарын хамт хүлээн авч уулзан, хүн амын нягтаршил ихтэй, Цэнгэл суманд амьдардаг үндэсний цөөнхийн хэрэгцээг хангах зорилгоор бий болсон хоёр хэл (монгол-казак, тува) хосолсон боловсролын өвөрмөц тогтолцоо бүхий тус аймгийн ерөнхий байдлын талаар бүрэн дүүрэн мэдээлэл өгөв. Казак үндэстний бүртгэлгүй цагаач хүүхдүүдийн асуудлын холбоо хамаарал болон асуудлыг шийдвэрлүүлэх хэрэгцээ шаардлагыг харгалзан хоёр ТББ-ын (Сана болон Цагаачлал, хүүхдүүд) төлөөлөгчид энэхүү уулзалтад оролцож, дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн НҮБ-ын Хүүхдийн Сангийн багийнхан тус аймгийн МЭРИМ өрхийн эрүүл мэндийн төв болон Хүүхдийн эмнэлгээр зочилж, тус аймагт нэн түгээмэл байгаа хоол тэжээлийн дутагдал, тураал өвчний талаар мэдээлэл авлаа.

Мэдээ баримт цуглуулах томилолтын эцсийн зогсоол Ховд аймаг байв. НҮБ-ын Хүүхдийн Сангийн багийнхан аймгийн Засаг дарга Б.Дүгэржав болон хэлтсийн даргатай уулзаж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 20 гаруй хүүхэд, насанд хүрэгчид байрлаж буй Түр хамгаалах байранд зочилсон юм. Ховд аймагт тулгарч буй гол асуудал нь нярайн эндэгдэл улсын дундажтай харьцуулахад харьцангуй өндөр, мөн цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаа явдал байв. 

“Монгол улсын баруун бүсийн аймгуудын хүүхдүүдэд тулгамдаж буй бүхий л бэрхшээл хүндрэлийг тодруулахад мэдээ баримт цуглуулах энэхүү томилолт нэн чухал байлаа. Томилолтын үеэр цуглуулсан бүх мэдээллийг удахгүй эхлэх улс орны хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад анхаарч үзэх нь дамжиггүй”

НҮБ-ын Хүүхдийн Сангийн шадар суурин төлөөлөгч Аяако Кайно