Компанийн дэргэд цэцэрлэг байгуулснаар ажиллагсдын сэтгэл ханамж, бүтээмжийг өсгөх боломжтой

НҮБ-ын Хүүхдийн Сан нь гэр бүлд ээлтэй ажлын байрны бодлогыг хувийн хэвшлийн ажил олгогчдод таниулан сурталчилж байна

Moiltmaa Sarantuya
CEO of TESO corporation sharing her experience about onsite kindergarten
UNICEF Mongolia
25 Тавдугаар сар 2022

4-р сарын 30, Улаанбаатар - Ажиллагсадынхаа бага насны хүүхдүүдэд зориулж компанийн дэргэд хүүхдийн цэцэрлэг байгуулахаар төлөвлөж буй найман аж ахуйн нэгж, Боловсрол, шинжлэх ухааны яамны төлөөлөл бүхий зөвлөлдөх ажлын хэсгийг НҮБ-ын Хүүхдийн Сангийн оролцоо, дэмжлэгтэйгээр байгууллаа. Компаниудад хамгийн их тулгамддаг асуудал нь бага насны хүүхдийн цэцэрлэгийн хүртээмж аж.

Энэ асуудлыг гэр бүлд ээлтэй ажлын байрны бодлогыг нэвтрүүлэн ажиллаж буй хувийн хэвшлийнхэн компанийнхаа дэргэд цэцэрлэг байгуулж ажлын бүтээмжийг дээшлүүлэх боломж байдгийг олж харжээ. Гэвч хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд дэргэдээ цэцэрлэг байгуулахын тулд тусгай зөвшөөрөл, газрын зөвшөөрөл гэх мэт баримт бичиг бүрдүүлэх ёстой байдаг ба энэ нь амаргүй, хүндрэл, бэрхшээл дагуулсан ажил аж.

Эдгээр асуудлуудад хамтын шийдлийг олох зорилгоор 2019 оноос гэр бүлд ээлтэй ажлын байрны бодлогыг хувийн хэвшлийн ажил олгогчдод таниулан сурталчилж байгаа НҮБ-ын Хүүхдийн Сан нь Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран хувийн хэвшлийнхний дунд цуврал хэлэлцүүлэг, туршлага судлах уулзалтуудыг зохион байгуулж байна. Ийнхүү төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын хамтарсан Зөвлөлдөх ажлын хэсгийн гишүүд төрийн бодлого шийдвэрт нөлөөлж, оновчтой болгох, цэцэрлэг байгууллахад шаардагддаг тусгай зөвшөөрөл авах үйл явцыг хялбаршуулах, компаниуд өөр хоорондоо туршлага солилцох боломжоор ханган ажиллах юм.

Onsite kindergarten built by Teso Corporation
UNICEF Mongolia

Монгол Улсад хамгийн анхны хувийн хэвшлийн дэргэдэх цэцэрлэгийг ТЭСО корпораци 2019 онд байгуулж байжээ. Өдгөө ТЭСО корпорацийн нийт ажилтны 60 хувь нь 2-5 настай хүүхэдтэй бөгөөд эдгээр ажилтнуудынхаа хүүхдүүдийг байгууллагын дэргэдэх цэцэрлэгт хамруулснаар олон асуудал шийдвэрлэсэн аж. Тухайлбал, ажилллагсадын сэтгэл ханамж 9 хувиар нэмэгдэж хүний нөөцийн халаа, сэлгээ буурсан үзүүлэлттэй байна. Үүнээс сургамж авч, туршлага хуваалцан суралцаж буй найман аж ахуйн нэгж болгон компанийнхаа дэргэд цэцэрлэг байгууллавал 1000 хүртэлх хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж, ажиллагсдын сэтгэл ханамж, амар тайван байдал, мөн ажлын бүтээмж нэмэгдэх юм.

Гэр бүлд ээлтэй ажлын байрны бодлогод ажлын цагийг уян хатан байдлаар шийдэх, ажиллагсдын ажил-амралтын тэнцвэрийг хангаж, хөдөлмөрлөх эрхийг хүндэтгэх, жирэмсэн болон төрсөн эхчүүдийг зохистой ажлын байраар хангах, хөхүүл эхчүүдэд хүүхдээ хөхөөр хооллох боломжуудыг гаргаж өгөх зэрэг ордог.