Гамшгийн эрсдлийг бууруулна
Харилцаа холбооны салбарын гамшгийн үеийн хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулав
Дөрөвдүгээр сарын 14. Улаанбаатар хот – Нийслэл хотын газар хөдлөлтийн үеийн харилцаа холбооны бэлэн байдал сэдэвтэй хоёр өдрийн сургалт дөрөвдүгээр сарын 13-14-нд Новотел зочид буудалд боллоо. Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Онцгой байдлын ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, үүрэн холбооны оператор компаниудын 60 гаруй мэргэжилтэн, ажилтан оролцсон дадлага сургалтыг НҮБ-ын Хүүхдийн Сан, Дэлхийн хүнсний хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр зохион байгуулав. Улаанбаатар хотын хэмжээнд зохион байгуулсан уг дадлага сургалт нь газар хөдлөлтийн бэлэн байдлыг хангах зорилгоор эхний,төгсгөлийн гэсэн хоёр үе шаттай болсон юм. 2021 оны арваннэгдүгээр сард эхний сургалтыг хийв.
Цуврал сургалт нь харилцаа холбооны салбарын гамшгийн үеийн хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах, харилцаа холбооны салбарт учирсан хохирлыг цаг тухайд нь тодорхойлох, үнэлэх замаар онцгой байдлын үед Монгол Улсын харилцаа холбооны салбарын бэлэн байдлыг сайжруулахад чиглэсэн болно.
Монгол орны нутаг дэвсгэр Төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутагт оршдог. 2020 онд гэхэд л 11,000 гаруй газар хөдлөлт бүртгэгдсэн нь сүүлийн 15 жилийн дунджаас тав дахин өссөн үзүүлэлт юм. Иймээс гамшгийн хариу арга хэмжээний чадавх, бэлэн байдлыг өндөр байлгаж, байнга сайжруулах нь гамшгийн эрсдлийг бууруулах ач хобогдолтой юм. Ялангуяа сүүлийн жилүүдэд хүн ам нэмэгдэн, дэд бүтэц үсрэнгүй хөгжиж байгаа нийслэл хотод газар хөдлөлтийн гамшгийн бэлэн байдлыг ханган ажиллах нь чухал байна.
“Монгол Улс газар хөдлөлт хийгээд байгалийн бусад гамшигт өртөх эрсдэлтэй тул харилцаа холбооны салбарын бэлэн байдлыг хангах зайлшгүй шаардлагатай. Энэхүү дадлага сургуулилалт нь гамшгийн эрсдлийг даван туулах бэлэн байдлыг хангах чухал үйл ажиллагаа юм. Сургалтыг зохион байгуулснаар одоогийн хүчин чадлыг үнэлж, авч хэрэгжүүлэх шаардлагатай дараагийн алхмуудыг тодорхойлно”
Харилцаа холбооны салбарын бэлэн байдлыг хангахын ач холбогдлыг Монгол Улсын Засгийн газар чухалчилж өнгөрсөн онд зохион байгуулсан үндэсний өндөр түвшний оролцогч талуудтай хийсэн анхны зөвлөлдөх уулзалтаар Монгол Улсын харилцаа холбооны салбарын байгууллагууд, олон улсын байгууллагуудтай хамтран онцгой байдлын үед авах хариу арга хэмжээний дадлага сургуулилалтыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
“НҮБ-ын Хүүхдийн Сан нь онцгой байдлын үед хүний амь насыг аврах үндэс болдог улсын харилцаа холбооны салбарын гамшгийн үеийн бэлэн байдлыг сайжруулах чиглэлээр ажиллаж ирсэн цаашид ч ажиллах болно” гэж Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан дадлага сургуулилалтын нээлт дээр онцлон хэлжээ.
НҮБ-ын Хүүхдийн Сан нь НҮБ-ын Монгол дахь Хүмүүнлэгийн тусламжийн багийн онцгой байдлын үеийн харилцаа холбооны кластерийг тэргүүлдэх агентлаг төдийгүй Дэлхийн Хүнсний Хөтөлбөртэй хамтран улсын онцгой байдлын үеийн харилцаа холбооны бэлэн байдлыг хангахад тус улс оронд олон улсын дэмжлэгийг үзүүлж, зохицуулалт хийж ажилладаг юм.