НҮБ-ын Хүүхдийн Сангийн Элч Дэвид Бекхэм вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна
Олон улсын түншүүд 4-р сарыг дуустал #VaccinesWork ашиглан hashtag "UNICEF" дурьдах бүрд $1 хандив өгөх юм.
- Боломжтой:
- English
- Mongolian
Нью Йорк хот, 4-р сарын 23 – НҮБ-ын Хүүхдийн Сангийн Элч, хүүхдийн төлөө “7” санг үүсгэн байгуулагч Дэвид Бекхэм хүүхдүүдээ дархлаажуулалтад хамруулж, аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг эцэг, эхчүүдэд уриалж байна.
Дэлхийн дархлаажуулалтын долоо хоногт зориулан алдарт хөл бөмбөгчний видео уриалга гарсан бөгөөд тэрээр цар тахлын энэ хүнд үед эцэг, эхчүүдийг КОВИД-19-ийн эсрэг вакциндаа идэвхтэй хамрагдаж, үр хүүхдээ хамгаалахыг уриалжээ. Мөн хүүхдүүдээ заавал хийх товлолын вакцинд нь хамруулж, үхлийн аюултай сахуу, улаан бурхан, халдварт саа зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэхийг давхар уриалж байна.
“Өнгөрсөн жил КОВИД-19 цар тахал бидэнд их зүйлийг ойлгууллаа. Тэр дундаа вакцины ач холбогдлыг илүү сайн мэдрүүллээ. Вакцины ачаар жил бүр сая сая хүний амь насыг аварч байна. Би НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтарч ажилладаг болсноор миний хайртай дотно хүмүүсийн эрүүл мэндэд вакцин ямар чухал болохыг илүү сайн ойлгодог болсон. Харамсалтай нь дэлхий дээр аюулт өвчнөөс аврах товлолын вакцин хийлгэж чадахгүй олон сая хүүхдүүд байна. Тиймээс Дэлхийн дархлаажуулалтын долоо хоногийг миний бие дэмжиж, эцэг, эхчүүдэд өөрсдийгөө болон хүүхдүүдээ вакцинд хамрагдахыг уриалах боломж олдсонд баяртай байна” гэж Дэвид Бекхэм хэлжээ.
НҮБ-ын Хүүхдийн Сангийн бусад Элч, дэмжигчид болох жүжигчин Орландо Блүм, Софиа Карсон, Оливиа Колман, дуучин Анжелик Киджо, сагсан бөмбөгийн од Жереми Лин, жүжигчин Алисса Милано, дуучин Жесси Уэйр зэрэг одууд вакцины ач холбогдлын талаар цуврал ярилцлагуудыг цахимаар хийжээ. Мөн Бенин, Индонези, Иордан, Перу зэрэг улс орнуудад ажиллаж байгаа эмч, багш, вакцины мэргэжилтнүүд өөрсдийн мэдлэг, туршлагаасаа энэ Дархлаажуулалтын долоо хоногийн хүрээнд хуваалцжээ.
Вакцины ач холбогдлын талаар дэлхий нийтэд хүргэхийн тулд эцэг эх, эрүүл мэндийн ажилтнууд, олон нийтийг вакцины цахим дэмжигч болох давлагааг НҮБ-ын Хүүхдийн Сангаас өнөөдрөөс эхлүүлж байна. НҮБ-ын Хүүхдийн Сангийн сошиал хаягийг дурьдаж, #VaccinesWork хаштагийг ашигласан пост бүр дээр дарсан Like, Share, Comment бүрийн тоогоор НҮБ-ын Сангийн Shot@Life кампанит ажил болон Билл, Мелинда Гэйтс Сангаас тус бүр 1 ам.долларыг НҮБ-ын Хүүхдийн Санд хандивлана. Энэ хандивын мөнгөөр хүүхэд бүрийг товлолын вакцинд хамруулж, аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд зориулах юм.
“Бид хөл хориотой, хоосон анги танхимтай, хүүхдүүд товлолын вакцинаасаа хоцорсон, цахимаар төрсөн өдрөө тэмдэглэсэн, халуун ам бүлээрээ уулзаж чадаагүй гээд хүнд нэг жилийг даван тууллаа. Харин одоо бид КОВИД-ын эсрэг вакцин хийлгэж эхэлсэн, зарим нь хийлгэхээр тэсэн ядан хүлээж байна. Энэ цар тахал бидэнд вакцины ач тусыг дахин дахин ойлгууллаа. Бид энгийн амьдралдаа эргэн орох ганц итгэл найдвар бол вакцин. Гэвч энгийн амьдралдаа орсон ч товлолын вакцинд хамрагдаж чадахгүй сая сая хүүхэд байна. Бид үүнийг хүлээн зөвшөөрөх ёсгүй” гэж НҮБ-ын Хүүхдийн Сангийн Гүйцэтгэх захирал Хенриетта Фор онцлон тэмдэглэв.
Дэлхий дээр жил бүр 14 сая нялх, балчир хүүхдүүд урьдчилан сэргийлж болох өвчнүүдийн эсрэг вакцинд хамрагдаж чадахгүй байна. Тэдний дийлэнх нь эрүүл мэндийн үйлчилгээ хүрэх боломжгүй алслагдмал орон нутаг, эсвэл зэвсэгт мөргөлдөөнтэй улс орон, ядуусын хороололд амьдарч байна. Өнгөрсөн жилийн цар тахал энэ байдлыг улам дордуулж, хөл хорио, вакцины ханган нийлүүлэлт тасалдсаны улмаас урьдчилан сэргийлж болох хүүхдийн өвчлөл огцом нэмэгдсэн.
Жил бүрийн дөрөвдүгээр сарын сүүлийн долоо хоногт тэмдэглэдэг Дэлхийн дархлаажуулалтын долоо хоног нь бүх насны хүмүүсийг өвчлөлөөс хамгаалдаг вакцины ач холбогдлыг танин мэдүүлэх зорилготой байдаг. Энэ жил “Вакцин биднийг ойртуулна” сэдвийн дор тэмдэглэж буй Дэлхийн дархлаажуулалтын долоо хоногийн үеэр хүмүүс биднийг улам ойртуулж, бидний эрүүл мэнд, сайн сайхныг бүхий л амьдралын турш дэмжиж байдаг дархлаажуулалтын ач холбогдлыг сурталчлан таниулахыг зорьж байна.
НҮБ-ын Хүүхдийн Сангийн Элч нартай хийсэн цуврал цахим ярилцлагуудыг Дэлхийн дархлаажуулалтын долоо хоногийн турш манай сошиал хаягуудаас хүлээн аваарай.
Мэдээлэл харилцааны багтай холбоо барих
НҮБ-ын Хүүхдийн Сан
НҮБ-ын Хүүхдийн Сан нь хүүхэд бүрийн эсэн мэнд амьдрах, боловсрол эзэмших, оролцох ба хамгаалагдах эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлдэг. Хамтрагч, түншүүдийнхээ хамт бид 190 улс орон, нутаг дэвсгэр дээр бүх хүүхдийн тусын тулд энэ амлалтыг бодит ажил хэрэг болгохоор зорин, хамгийн эмзэг, гадуурхагдсан хүүхдүүдэд хүрч ажиллахаар онцгой хүчин чармайлт гарган ажиллаж байна.