КОВИД-19 цар тахлын хөл хорионы улмаас дэлхий даяарх нийт сурагчид танхимын хичээлийн 1.8 их наяд цагийг алдаад байна гэж НҮБ-ын Хүүхдийн Сангаас мэдэгдлээ.

Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган хуралдаж буй эдгээр өдрүүдэд НҮБ-ын Хүүхдийн Сангийн зүгээс зарим улс орны засгийн газарт хандан сургуулиудыг аль болох хурдан нээхийг уриалан “Алдах эрхгүй цаг хугацаа” үзүүлэнг зохион байгууллаа.

17 Есдүгээр сар 2021
КОВИД-19 цар тахлын хөл хорионы улмаас дэлхий даяарх нийт сурагчид танхимын хичээлийн 1.8 их наяд цагийг алдаад байна гэж НҮБ-ын Хүүхдийн Сангаас мэдэгдлээ.
UNICEF

Нью-Йорк хот, 2021 оны 9 дүгээр сарын 17. Дэлхий даяар КОВИД-19-ийн цар тахал дэгдэж, хөл хорио тогтоосноор сургуулийн сурагчид нийтдээ 1.8 их наядаар тооцогдох танхимын хичээлийн цагаа алдсаныг тооцож гаргасан бөгөөд энэхүү алдагдсан цаг хугацаа хором бүрд нэмэгдсээр байгаа юм. Улмаар хүүхдүүд мэдлэг боловсролоос гадна сургуулийн орчиндоо эзэмшдэг олон чухал ур чадвар, давуу талаас хоцорч байна.   

Боловсролын энэхүү хямралд анхаарлаа хандуулахыг уриалан НҮБ-ын Хүүхдийн Сан өнөөдөр “Алдах эрхгүй цаг хугацаа” үзүүлэнг Нью-Йорк дахь НҮБ-ын Төв байранд дэлгэж байна. Ерөнхий Ассамблейн чуулган хуралддаг барилгын эсрэг талд байрлах Зочдын танхимд хүүхэдгүй, хоосон ангид байгаа самбар хэлбэртэй цагийг байрлуулсан. Уг цаг нь цар тахал эхэлснээс хойш дэлхийн хүүхэд бүрийн танхимаар хичээллэж чадалгүй алдсан цаг хугацааг илэрхийлж, одоо ч цаг явсаар буйг харуулах юм. Хүүхэдгүй ангид 18 хоосон ширээ тавьсан байх бөгөөд ширээ тус бүр цар тахлын улмаас боловсролын үйлчилгээ тасалдсан сарын хугацааг илэрхийлэх юм.  

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхлэхийн өмнө уг үзмэр нээгдэж байгаа тул чуулганд оролцох дэлхийн удирдагчид өөрийн биеэр үзэх боломжтой юм.

“Дараагийн долоо хоногт НҮБ-ын төв байр дэлхийн өнцөг булан бүрээс ирэх зочид төлөөлөгчдөд үүдээ дэлгэнэ. Гэвч олон улс оронд сургуулийн хаалга хүүхдүүдийн өмнө хаалттай хэвээр байгаа” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттериш хэлэв. Тэрээр цааш нь “Бид бүхэл бүтэн нэг үеийнхэнд шударга бус хандаж, тэдний ирээдүйг эрсдэлд оруулж байна. Иймээс сургуулиа нээж боловсролыг хэвийн горимд нь оруулах, цар тахлын үед боломжоо алдсан хүүхдүүдэд туслах шаардлагатай. Бидэнд алгуурлах цаг байхгүй” гэв.

Энэ жил чуулганыг холимог хэлбэрээр зохион байгуулж, олон арга хэмжээ цахим хэлбэрээр явагдана. Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор ирсэн төлөөлөгчид дээрх үзмэртэй биечлэн танилцах боломжтой ба дэлхий дээр сая сая хүүхдүүд сургуульдаа явж чадахгүй байгааг тод томруунаар харуулснаар дэлхийн удирдагчдад энэ чиглэлд яаралтай арга хэмжээ авахыг уриалж байгаа болно.  

Тус үзмэрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган хаахаас өмнө 9-р сарын 17-27-ны өдрүүдэд үзэх боломжтой.*

Дэлхий даяар 11 орны 131 сая хүүхэд 2020 оны 3 сараас 2021 оны 9 сарын хооронд танхимын сургалтынхаа дөрөвний гуравт суусангүй. Тэдгээрийн дотроос 59 хувь нь буюу бараг 77 сая хүүхэд танхимаар суралцаагүй. Улс орнуудын 27 хувь нь сургуулиа бүрэн болон хэсэгчлэн хаасан. Үүнээс гадна НҮБ-ын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллага (ЮНЕСКО)-ын сүүлийн үеийн тоо баримтаар бүх шатны боловсролын байгууллагад суралцаж буй 870 сая сурагч сурлагын хоцрогдлын асуудалтай тулгараад байна.

НҮБ-ын Хүүхдийн Сан сургуулийг аль болох хурдан нээж, халдвар хамгааллын дор дурдсан бүхий л арга хэмжээг авч ажиллахыг төр засаг, орон нутгийн удирдлага, сургуулийн захиргаадад уриалж байна.

Үүнд: 

  • Тухайн улс болон орон нутагт мөрдөж буй амны хаалт зүүх зөвлөмжийг сурагч, ажилтнууд бүгд мөрдөх;
  • Гараа угаах боломж эсвэл гар ариутгагчаар хангах;
  • Гадаргуу, дундаа хэрэглэдэг эд зүйлсийг тогтмол арчиж цэвэрлэх;
  • Агааржуулалт хийх;
  • Бүлэглэх (багш, сурагчдыг цөөн тоогоор бүлэг болгон хуваарилж, хооронд нь холилдуулахгүй байх); хичээл эхлэх, завсарлах, ариун цэврийн өрөө явах, хоол идэх, хичээл дуусах цагийг зөрүүлэх, танхимаар хичээллэх өдрүүдийг сөөлжүүлэх;
  • Эцэг эх, сурагч, багш нар мэдээлэл солилцох арга замыг бий болгох;
  • Танхимын хичээл нээх шалгуур биш боловч багш нарыг эрүүл мэндийн ажилтнууд, өндөр эрсдэлтэй хүн амын бүлгийн дараа тэргүүн эгнээнд КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалтад хамруулж, халдвараас сэргийлэх.

"Хүүхдийн хувьд ангидаа өнгөрүүлэх цаг мөч бүр асар үнэ цэнтэй бөгөөд ертөнцийг үзэх үзлийг нь тэлж, бүрэн дүүрэн хөгжиж боловсрох бололцоог олгодог. Энэ хугацаанаас алдах тусам хүүхдийн ирээдүйн олон сайхан боломж мөн алдагдах эрсдэлтэй” хэмээн  НҮБ-ын Хүүхдийн Сангийн Гүйцэтгэх захирал хатагтай Хэнриетта Фор онцлон тэмдэглэв. “1.8 их наяд цаг. Цагийн зүү эргэх тусам улам бүр нэмэгдсээр байгаа энэ хугацаа бол асар үнэ цэнтэй. КОВИД-19-ийн сөрөг нөлөөг бууруулахад анхаарч, хүүхдүүдийнхээ ирээдүйг эн тэргүүнд тавьж ажиллах нь үүнтэй нэгэн ижил үнэ цэнтэй юм. Бид танхимын сургалтыг аль болох хурдан нээх ёстой, нээж ч чадна. Цаг явсаар байна.” хэмээн тэрээр нэмж хэлэв.

Мэдээлэл харилцааны багтай холбоо барих

Д.Ариунзаяа
Мэдээлэл, харилцааны ахлах мэргэжилтэн
Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сан
Утасны дугаар: (976) 11 312217 2203
Цахим шуудангийн хаяг: adavaa@unicef.org

About UNICEF

UNICEF promotes the rights and wellbeing of every child, in everything we do. Together with our partners, we work in 190 countries and territories to translate that commitment into practical action, focusing special effort on reaching the most vulnerable and excluded children, to the benefit of all children, everywhere.

Follow UNICEF on Twitter, Instagram, LinkedIn and Facebook