КОВИД 19-ийн эсрэг дархлаажуулалтад дэмжлэг үзүүлэхээр Япон Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа

10 Гуравдугаар сар 2021

Улаанбаатар хот, 2021 оны 3 дугаар сарын 10 – Монгол Улс хүн амынхаа 60 хувийг КОВИД 19-ийн эсрэг дархлаажуулалтад хамруулах зорилтыг хэрэгжүүлэхэд Япон Улсын Засгийн газраас санхүүгийн томоохон дэмжлэг үзүүлэхээр боллоо. НҮБ-ын Хүүхдийн Сангаар дамжуулан олгох 21,5 сая  ам. долларын энэхүү буцалтгүй тусламжийг эрүүл мэндийн салбарыг чадавхжуулах чиглэлд хэрэгжүүлэх хоёр төслийн санхүүжилтэд зарцуулах бөгөөд төсөл нь бүх нийтийг КОВИД -19-ийн эсрэг дархлаажуулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд зарцуулагдана.

Төслийн хүрээнд Монгол Улсын хүн амын 40 хувийг КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулахад хүрэлцэх 2,7 сая тун вакцин болон дархлаажуулалтын хүйтэн хэлхээний шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах, дархлаажуулалтын талаарх мэдээлэл, сурталчилгаа хийх үйл ажиллагааг санхүүжүүлнэ.

Түүнчлэн Япон Улсын Засгийн газар нь КОВАКС хөтөлбөрийн гол санхүүжүүлэгчдийн нэг бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын хүн амын 20 хувьд хүрэлцэхүйц вакциныг нийлүүлэх гэж байна. Эхний ээлжинд вакциныг тэргүүн эгнээнд ажиллаж буй албан хаагчид болон ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүс зэрэг эмзэг бүлгийнхэнд зориулна. Эрүүл мэндийн болон хариу арга хэмжээний багт ажиллаж буй бусад салбарын ажилтнуудыг дархлаажуулах ажил эхэлсэн. Монгол Улсад дархлаажуулалтын хөтөлбөрийг тогтвортой явуулахад Япон Улсын дэмжлэг туслалцаа нэн чухал юм.

“КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн 21.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн энэхүү төсөл нь 2 үе шаттай хэрэгжиж, Монголын хүн амын 1.3 сая хүнд шаардлагатай тун вакциныг Япон Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн Сангаар дамжуулан нийлүүлж, вакцины “хүйтэн хэлхээ”-г бүрдүүлэх тоног төхөөрөмжийн хангамжийг шийдвэрлэх юм” гэж Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр хэлэв.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши, “Япон улс болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтран хэрэгжүүлэх тусламжийн үр дүнд Монгол Улсын Засгийн газрын бүх нийтийг вакцинжуулах хөтөлбөр бодитой хэрэгжинэ гэдэгт найдахын хамт Япон Улс гуравдагч хөршийн хувиар КОВИД-19 цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ болон тогтвортой хөгжлийн төлөө цаашид ч үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх болно” хэмээв.

“НҮБ-ын Хүүхдийн Сан нь ДЭМБ, Дэлхийн Банктай хамтран КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалтын хөтөлбөрийн бэлтгэл ажилд томоохон дэмжлэг үзүүлж байна. Япон Улсын Засгийн газрын энэхүү санхүүгийн туслалцаа бидэнд асар чухал дэмжлэг болж байна. Дархлаажуулалтын хөтөлбөрийн зэрэгцээ гар угаах, амны хаалт зүүх зэрэг эрүүл ахуйн дадал, хэвшлийг сайтар хэвшүүлж чадвал Монголын нийгэм-эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, тогтворжино гэж бид харж байна. Энэ нь хүүхдийн эрх ашгийг хамгаалж буй хэрэг. Учир нь тэдэнд сургуульдаа явах, эрүүл мэндийн чанартай үйлчилгээ авах, спортоор хичээллэхээс гадна үе тэнгийн найз нөхөдтэйгөө уулзаж харилцах, нийгэмших гээд олон боломж нээгдэнэ шүү дээ.” гэж НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс хэллээ.

Мэдээлэл харилцааны багтай холбоо барих

Д.Ариунзаяа
Мэдээлэл, харилцааны ахлах мэргэжилтэн
Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сан
Утасны дугаар: (976) 11 312217 2203
Цахим шуудангийн хаяг: adavaa@unicef.org

About UNICEF

UNICEF promotes the rights and wellbeing of every child, in everything we do. Together with our partners, we work in 190 countries and territories to translate that commitment into practical action, focusing special effort on reaching the most vulnerable and excluded children, to the benefit of all children, everywhere.

Follow UNICEF on Twitter, Instagram, LinkedIn and Facebook