НҮБ-ын Хүүхдийн Сангийн шинэ Суурин төлөөлөгчөөр Эваристе Коуасси-Комлан томилогдлоо

10 Арван хоёрдугаар сар 2021
The portrait of Evariste Kouassi-Komlan
UNICEF/UN0564431
The portrait of Evariste Kouassi-Komlan, UNICEF Representative to Mongolia.

Улаанбаатар хот, 12-р сарын 10 – Шинээр томилогдсон Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт итгэмжлэх захидлаа барилаа.

Тэрээр дэлхийн олон улс орнууд дахь хүүхдийн аж байдал, тэдэнд тулгамдаж буй асуудлаар ажиллаж байсан, энэ чиглэлээр уур амьсгалын өөрчлөлт болон нийгмийн салбарууд хоорондын уялдаа холбоог хангах, хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэхэд онцгой анхаарал хандуулж ирсэн арвин туршлагатай юм.

Үүнээс өмнө тэрээр 2018 оноос хойш Тайланд дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн оффист ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй хариуцсан бүсийн зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд тус бүсийн нийт 24 оронд шинэ шийдэл, санаачилгуудыг хэрэгжүүлэхэд манлайлан ажиллаж байсан.

2012-2018 онд Нью-Йорк дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн төв оффист ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн Ахлах зөвлөх болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэлхийн ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн хөтөлбөрийн дэд захирал, захирлаар ажиллаж байсан. Ингэхдээ тэрээр дэлхийн 100 гаруй улс орнуудад ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн салбарын бодлого, хүний ​​нөөцийн хөгжил, төлөвлөлт, хяналт үнэлгээ болон бусад удирдлагаар ханган ажилласан.

Коуасси-Комлан нь 2008-2012 онд Мадагаскар дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн ус, ариун цэвэр, эрүүл ахуйн багийн ахлагчаар ажиллаж байсан төдийгүй мөн хугацаанд Шадар Суурин төлөөлөгчийн үүргийг давхар гүйцэтгэж байсан.

Тэрээр Дэлхийн банк, Олон улсын усны нөөцийн төв (IRC), Билл ба Мелинда Гейтсийн сан, Африкийн хөгжлийн банк, Африк болон Азийн олон улс орнууд дахь сан, засгийн газруудад зөвлөхөөр ажиллаж байсан.

Тэрээр Нидерландын Делфтийн технологийн их сургуулийг ус хангамж, ариун цэврийн инженер мэргэжлээр төгссөн.  Эваристе Коуасси-Комлан нь Того улсын иргэн бөгөөд эхнэр, 2 охины хамт амьдардаг.

 

Мэдээлэл харилцааны багтай холбоо барих

Д.Ариунзаяа
Мэдээлэл, харилцааны ахлах мэргэжилтэн
Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сан
Утасны дугаар: (976) 11 312217 2203
Цахим шуудангийн хаяг: adavaa@unicef.org

Мультимедиа

The portrait of Evariste Kouassi-Komlan
The portrait of Evariste Kouassi-Komlan, UNICEF Representative to Mongolia.

НҮБ-ын Хүүхдийн Сан

НҮБ-ын Хүүхдийн Сан нь хүүхэд бүрийн эсэн мэнд амьдрах, боловсрол эзэмших, оролцох ба хамгаалагдах эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлдэг. Хамтрагч, түншүүдийнхээ хамт бид 190 улс орон, нутаг дэвсгэр дээр бүх хүүхдийн тусын тулд энэ амлалтыг бодит ажил хэрэг болгохоор зорин, хамгийн эмзэг, гадуурхагдсан хүүхдүүдэд хүрч ажиллахаар онцгой хүчин чармайлт гарган ажиллаж байна.

Биднийг дагаарай. Twitter, Instagram, LinkedIn and Facebook