Хүүхдэд цахимаар үр дүнтэй сурах боломжийг нэмэгдүүлнэ
2022 оны 1-р сарын 20, Улаанбаатар хот - КОВИД-19 цар тахлын үед сургууль, цэцэрлэг хаагдаж, зайн сургалт руу шилжсэн нь хүүхдүүдэд сурлагын хоцрогдол үүсэх эрсдэл үүссэн. Телевизийн хичээлээс гадна хүүхдүүдийн сурлага, хөгжлийг нэмэлтээр дэмжих зорилгоор 2020-2021 онд НҮБ-ын Хүүхдийн Сангаас БШУЯ-тай хамтран цахим хичээл бүхий контент бүтээсэн юм.
ЦАХИМ АЯЛАЛ нэрийн дор боловсруулсан 104 ширхэг жишиг интерактив контент нь сурагчдын оролцоог хангасан, хүүхдийн онцлогт тохирсон сурагч төвтэй контент болсон. Мөн эдгээрийг Казак, Тува хэл, сонсгол болон харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд тохиромжтой хэлбэрээр бүтээж, хүүхэд бүрийг тэгш хамруулснаараа онцлог болсон.
Дээрх төслийн амжилт дээр тулгуурлаж НҮБ-ын Хүүхдийн Сангаас боловсролын цахим шилжилтийг дэмжих ажлын хүрээнд интерактив контентоо цаашид үе шаттайгаар өргөжүүлэхээр ажиллаж байна.
Хоёр дахь шатны төслөөр нийтдээ 60 ширхэг сургуулийн өмнөх ба бага боловсролын контент бэлтгэхээр ажиллаж байгаагаас гадна тоглоомоор дамжуулан заах арга барилыг турших юм. Төслийн гүйцэтгэгчээр үндэсний шилдэг контент боловсруулдаг компаниуд ажиллаж байгаа бөгөөд өмнөх контентуудыг “Монгол Контент” компани гүйцэтгэсэн бол энэ удаа “Марчаахай” болон “Номадик Бэйр Гэймс”-ийн хамтарсан баг шалгаран ажиллаж байна.
Хоёр дахь төсөл эхэлсэнтэй холбоотойгоор өнөөдөр интерактив контент хэрхэн бүтээх тухай сургалтыг зохион байгуулж байна.
“Бидний хамтран бүтээсэн интерактив хичээлүүд нь Монгол Улсын боловсролын салбар дахь цахим шилжилтийг дэмжих жишиг контент болж чадсанд бид баяртай байна. Техник, технологийн ачаар бид багш төвтэй сургалтаас сурагч төвтэй сургалт руу шилжиж байна. Өөрөөр хэлбэл, хүүхэд өөрийн онцлог, сонирхол, боломж, хурддаа тохируулан мэдлэгийг өөрөө олж авдаг цаг үе ирсэн. Үүнийг нь бид бүх талаар дэмжих ёстой” хэмээн НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коаусси-Комлан онцлов.
Мэдээлэл харилцааны багтай холбоо барих
About UNICEF
UNICEF promotes the rights and wellbeing of every child, in everything we do. Together with our partners, we work in 190 countries and territories to translate that commitment into practical action, focusing special effort on reaching the most vulnerable and excluded children, to the benefit of all children, everywhere.