Агаарын бохирдол КОВИД-19-ийн өвчлөлийг хүндрүүлдэг
- Боломжтой:
- English
- Mongolian
Улаанбаатар, 2021 оны 12 сарын 14 /Төрийн ордон, А танхим/ – “Цар тахлын үеийн агаарын бохирдол” нэртэй дээд хэмжээний зөвлөлдөх уулзалт өнөөдөр Төрийн ордонд болж байна.
Улсын Их Хурлын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын Дэд хороо болон НҮБ-ын Хүүхдийн Сангаас ДЭМБ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгуулж буй тус уулзалтаар агаарын бохирдлыг бууруулах бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт, эрүүл мэнд, нийгмийн салбарт үзүүлж буй нөлөөлөл, үр дүн, цаашдын шийдлийн талаар бодлого боловсруулагчид, эрдэмтэн судлаачид, хөгжлийн түнш байгууллагууд, иргэний нийгэм болон хувийн хэвшлийн төлөөллүүд хэлэлцэж байна.
Ковид-19 цар тахал нь агаарын бохирдолтой хавсарсан тохиолдолд цар тахлаас үүдэлтэй эрсдэл, хүндрэл, эндэгдэл нэмэгдэх магадлалтай байгааг судлаачид тогтоожээ.
Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй хийгдэж буй тус зөвлөлдөх уулзалтын хүрээнд төрөөс агаарын бохирдлыг бууруулах талаар баримталж буй бодлого, арга хэмжээний үр дүнг эргэн нэг харж, сайн туршлага, үр дүнгийн талаар санал солилцон, агаарын бохирдлын асуудлыг цар тахлын хариу арга хэмжээ, эдийн засгийг сэргээх хөтөлбөр болон хүний түгээмэл эрхийг хангах хүрээнд авч үзэх талаар зөвлөмж боловсруулахыг зорьж байна.
УИХ-ын гишүүн, УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Саранчимэг “Цар тахлын хүндрэлтэй нөхцөлд агаарын бохирдлыг цаашид стандартын зохистой түвшинд хүртэл бууруулах, гаднах орчны агаарын чанар төдийгүй мөн орон байрны доторх агаарын чанарын асуудлыг цаашид анхаарч, эрүүл, цэвэр орчныг бүрдүүлэх шат дараалсан арга хэмжээг даруй авч, агаарын чанарт мэдэгдэхүйц ахиц гаргахын тулд эдийн засаг, нийгмийн асуудлууд, байгальд ээлтэй ногоон технологийн дэвшлийг цогцоор авч үзэх шаардлага урган гарч байна. Энэ бүхний үр дүнд агаарын чанар сайжрахаас гадна хүлэмжийн хийн ялгарал буурч, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад бодитой хувь нэмэр оруулах болно” гэдгийг онцлон тэмдэглэв.
“КОВИД-19 цар тахалтай энэ үед агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өмнө нь гаргасан амжилт, ололтоосоо ухрахгүй байхад анхаарах хэрэгтэй. Иймд эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгийг сэргээх бодлого, хөтөлбөр, төсөв боловсруулах, хэрэгжүүлэхэд хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн дэд бүтэц, үйлчилгээ, байгаль орчны боловсролын арга хэмжээг заавал тусгах ёстой” гэдгийг НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан онцлов.
Агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн санхүүжилтийг оновчтой, үр дүнтэй зарцуулах, ялангуяа сургууль, цэцэрлэг, эмнэлгийн доторх агаарын чанарыг сайжруулах, өрх гэрт болон боловсрол, эрүүл мэндийн байгууллагад ашиглаж байгаа үр ашиг багатай халаалтын зуухыг халж, байгальд ээлтэй цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх замаар нүүрснээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг уг зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулагчдын зүгээс уриаллаа.
Мэдээлэл харилцааны багтай холбоо барих
НҮБ-ын Хүүхдийн Сан
НҮБ-ын Хүүхдийн Сан нь хүүхэд бүрийн эсэн мэнд амьдрах, боловсрол эзэмших, оролцох ба хамгаалагдах эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлдэг. Хамтрагч, түншүүдийнхээ хамт бид 190 улс орон, нутаг дэвсгэр дээр бүх хүүхдийн тусын тулд энэ амлалтыг бодит ажил хэрэг болгохоор зорин, хамгийн эмзэг, гадуурхагдсан хүүхдүүдэд хүрч ажиллахаар онцгой хүчин чармайлт гарган ажиллаж байна.