Газар хөдлөлтийн гамшгийн үеийн харилцаа холбооны бэлэн байдлын дадлага, сургалт болж байна

Улаанбаатар, 2022 оны 4 сарын 13 /Новотел зочид буудал/ - Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан болон Дэлхийн Хүнсний Хөтөлбөр/Гамшгийн Үеийн Харилцаа Холбооны Кластертай хамтран “Газар хөдлөлтийн гамшгийн үеийн харилцаа холбооны бэлэн байдал” сэдэвт сургалт, дадлагыг 2022.04.13-14 өдрүүдэд Новотел зочид буудалд зохион байгуулж байна.
Монгол орны нутаг дэвсгэр Төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутагт оршдог бөгөөд ХХ зуунд 8.0 магнитудын газар хөдлөлт 4 удаа, 7.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт 20 орчим удаа болсон боловч цөөн хүн амтай, таруу суурьшилтай, барилга, дэд бүтэц сул хөгжсөн зэрэгтэй холбоотойгоор хохирол харьцангуй бага байв. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд нийслэл Улаанбаатар хотод хүн амын болон дэд бүтцийн нягтаршил нэмэгдэхийн зэрэгцээ газар хөдлөлтийн чичирхийлэл ихээр мэдрэгдэх болсон.
Монгол орны нутаг дэвсгэрт 2021 онд 159,396 удаагийн газар хөдлөлт, үүнээс хүнд мэдрэгдэх хэмжээний буюу 3.5 магнитуд болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 430, түүний дотор 6 магнитудтай газар хөдлөлт 2 удаа болсон. Нийслэл хот орчмын газар хөдлөлтийн 6 хагаралд 6.6-7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болоход хамгийн багадаа барилга байгууламжийн 47.8 хувь нурж 40.000-60.000 хүн өртөх эрсдэлтэй гэсэн судалгаа гарсан.
Энэхүү гамшгийн эрсдэлийг бууруулахад мэдээлэл, харилцаа холбооны давуу талыг ашиглах боломжийг бүрдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа бий болгох, тэдгээрийг нэгдсэн тогтолцоо зайлшгүй хэрэгтэй байна.
Газар хөдлөлтийн гамшгийн бэлэн байдлыг сайжруулахын тулд олон арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлдэг бөгөөд дадлага сургууль нь гамшгийн бэлэн байдлын түвшинг шалгах, сайжруулах чухал арга хэмжээ юм.
Хоёр өдрийн туршид үргэлжлэх энэхүү сургалтын үр дүнд:
- Газар хөдлөлтийн гамшгийн улмаас Монгол Улсын харилцаа холбооны салбарт учирч болох эрсдэлүүд тодорхойлогдоно;
- Газар хөдлөлтийн гамшгийн үед Харилцаа холбооны салбарын бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээнүүд тодорхойлогдоно;
- Газар хөдлөлтийн гамшгийн үед харилцаа холбооны салбарт үүсэх хохирлын үнэлгээ хийхэд тавигдах үндсэн шаардлагууд тодорхойлогдоно.
Мэдээлэл харилцааны багтай холбоо барих
НҮБ-ын Хүүхдийн Сан
НҮБ-ын Хүүхдийн Сан нь хүүхэд бүрийн эсэн мэнд амьдрах, боловсрол эзэмших, оролцох ба хамгаалагдах эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлдэг. Хамтрагч, түншүүдийнхээ хамт бид 190 улс орон, нутаг дэвсгэр дээр бүх хүүхдийн тусын тулд энэ амлалтыг бодит ажил хэрэг болгохоор зорин, хамгийн эмзэг, гадуурхагдсан хүүхдүүдэд хүрч ажиллахаар онцгой хүчин чармайлт гарган ажиллаж байна.