НҮБ-75 Санаачилга. 2020 он ба ирээдүй

Монгол улсын засгийн газрын байгууллагуудын Зөвлөлдөх уулзалт

31 Наймдугаар сар 2020
UN75
UNRCO

Зөвлөлдөх уулзалтыг НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч ноён Тапан Мишра албан ёсоор нээж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар, засгийн газрын хэрэгжүүлэгч болон тохируулагч агентлагуудын дарга, яамдуудын газрын дарга нар, бүх оролцогч нарт хандаж мэндчилэв.

Суурин зохицуулагч Тапан Мишра хурлыг нээж хэлсэн үгэндээ: “Нэгдсэн Үндэстний Байгууллага байгуулагдсаны 75 жилийн ой 2020 онд тохиож байгаатай холбогдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга “НҮБ-75” хэмээх санаачилгыг эхлүүлсэн бөгөөд энэ нь “Хүсэж буй ирээдүйгээ хамтдаа бүтээн байгуулъя” гэсэн уриан дор дэлхийн ирээдүйн талаар олон улсын түвшинд өрнөж буй хамгийн өргөн хүрээний яриа хэлэлцүүлгүүдийн нэг юм. Дэлхийн түвшний яриа хэлэлцүүлгийн энэхүү санаачилгад НҮБ-ын бүхий л гишүүн улс орнуудыг урьж байгаа бөгөөд тэд бараг бүгд үүнд оролцож байгаа ба Монгол улс ч мөн адил энэхүү санаачилгыг талархан хүлээн авч байна. Монгол Улс 1961 оны 10 сарын 27-ны өдөр НҮБ-д элссэнээс хойш тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ. Монгол улс эхлээд Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 дараа нь Алсын хараа 2050 хэмээх стратегийн баримт бичгүүдийг батлах замаар Тогтвортой хөгжлийн зорилгуудыг тууштай хэрэгжүүлж байгааг харахад нэн таатай байна.

“Нэгдсэн Үндэстний Байгууллага байгуулагдсаны 75 жилийн ой 2020 онд тохиож байгаатай холбогдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга “НҮБ-75” хэмээх санаачилгыг эхлүүлсэн бөгөөд энэ нь “Хүсэж буй ирээдүйгээ хамтдаа бүтээн байгуулъя” гэсэн уриан дор дэлхийн ирээдүйн талаар олон улсын түвшинд өрнөж буй хамгийн өргөн хүрээний яриа хэлэлцүүлгүүдийн нэг юм.

Бидний хамтын хариу арга хэмжээ нь, манай дэлхий хэр хурдан дахин нөхөн сэргэж, бид харилцан тохиролцсон Тогтвортой хөгжлийн зорилтууддаа хүрч чадах эсэх, бидний ирээдүйн дүр зургийг илэрхийлэх болсон дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хямрал, дэлхийг хамарсан цар тахлын улмаас үүссэн эрүүл мэндийн эрсдэл, технологийн асар хурдан хөгжлийн таамаглашгүй шинэ чиг хандлага зэрэг дэлхийн шинж чанартай томоохон асуудлууд болон бусад сорилтыг бид хэр сайн шийдвэрлэж болохыг тодорхойлох болно. Өмнө нь Эрүүл мэндийн сайд байсан, одоо бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Ковид-19 цар тахлын халдварыг дотооддоо нийгмийн хүрээнд алдахаас маш сайн урьдчилан сэргийлж, Монголын ард түмэн ч мөн бүгд хүчин чармайлт гаргаж ажилласан нь бидний хувьд ирж буй сорилт бэрхшээлүүдийг хамтдаа даван туулах боломжтой гэдгийг харуулж байна. НҮБ-75 санаачилга нь хөгжлийн явцад “хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмынхаа дагуу, НҮБ-ын агентлагууд, засгийн газар, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, иргэний нийгэм, академи, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, хүүхэд залуучууд, нутгийн ард иргэд, малчид, ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагууд зэрэг нийгмийн бүхий л үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийн төлөөллийг хамруулсан яриа хэлэлцүүлэг өрнүүлэхийг зорьж байна.

Дэлхийд тулгамдсан энэхүү эгзэгтэй цаг мөчид ард түмний дуу хоолойг сонсоно гэдэг нь нэн чухал хэрэг бөгөөд төрийн байгууллагуудыг хамруулахаас гадна, иймэрхүү олон улсын түвшний яриа хэлэлцүүлэгт тэр бүр дуу хоолойгоо хүргэж чаддаггүй алслагдсан хөдөө орон нутгийн иргэд, малчдыг хамруулна гэдэг нь НҮБ-75 санаачилгыг илүү өргөн хүрээнд олон нийтэд сурталчилан таниулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Үнэндээ Монгол дахь НҮБ бол Монгол улсын засгийн газрын хувьд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг 2030 он гэхэд бүрэн хэрэгжүүлж, хөгжлийн явцад хэнийг ч орхигдуулахгүй байх хүсэл зорилго, амлалтаа биелүүлэхэд итгэж найдсан гол түнш нь билээ. Монгол улс дахь НҮБ ба Монгол улсын засгийн газар хоёрын хооронд харилцан тохиролцож, НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээнд (UNDAF) тусгасан, хамтарсан хөгжлийн төлөвлөгөө болон хүсэн хүлээгдэж байгаа үр дүн байгаа билээ. Та бүгд бол үндэсний хөгжлийн бодлогыг тодорхойлоход эцэслэн шийдвэр гаргагчид, манлайлагчид бөгөөд мөн та бүгд олон улсын харилцаанд оролцож байдаг гол тоглогчид билээ. Тийм учраас ирэх 25 жилийн хөгжлийн дүр зургийг гаргахад та бүгдийн үнэ цэнэтэй санал, зөвлөмж бидэнд маш хэрэгтэй байгаа юм.”  

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д. Сарангэрэл дараах үндсэн асуудлуудыг онцлон тэмдэглэв. “Дэлхийн II Дайны дараа 1945 онд НҮБ байгуулагдаж, 1948 онд ДЭМБ байгуулагдсан. Монгол улс бол НҮБ-ын 193 гишүүн улс орнуудын нэг бөгөөд 1961 оны 10 сарын 27-нд гишүүн болсон байдаг. Үндэсний эрх чөлөө болон тусгаар тогтнолоо олж авсан дэлхийн бусад бүх улс орнуудын адил, Монгол улс мөн бусад улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлж, энэхүү амжилтаа дэлхий даяар тунхаглахын төлөө түүхэн урт хугацаанд шаргуу зүтгэж тэмцэж ирсэн байдаг. Ирэх жил Монгол улс НҮБ-ын гишүүнээр элссэний 60 жилийн ой тохиох юм. Бид энэхүү санаачилгын утга агуулгыг гүнзгий ойлгож, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилсан энэхүү санаачилгын хүрээнд хамтран ажиллах хэрэгтэй. НҮБ нь Монгол улсын засгийн газрын хувьд, ялангуяа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хувьд олон улсын маш чухал байгууллага бөгөөд дэлхийн болон үндэсний өмнө тулгамдаж буй асуудлыг даван туулахын тулд бид хүчээ нэгтгэх хэрэгтэй юм. Аж үйлдвэржилтийн өмнөх үеээс хойш дэлхийн агаарын дундаж хэм Цельсийн 0.8% хувиар нэмэгдсэн бол Монгол улсад 2.2% хувиар буюу гурав дахин нэмэгдсэн байдаг. Тийм учраас Монголын олон мөнх цаст оргил, мөсөн голууд хайлж, хэдэн мянган гол, горхи, булаг шанд хатаж ширгэсэн байна. Манай нутаг дэвсгэрийн дөнгөж 7.9% нь ой модоор бүрхэгдсэн байдаг хэдий ч эдгээр нь манай голын ай сав газрыг хамгаалж байдаг тул тэдгээрийг аль болох маш сайн хадгалж хамгаалах хэрэгтэй. Монгол улс бол усны нөөцийн хомсдолтой орнуудын нэг боловч бид гүний усаа үр дүнтэй хадгалан хамгаалж чадахгүй байна. Ийм нөхцөл байдалд бид дангаараа асуудлыг шийдэж чадахгүй харин олон улсын хамтын нийгэмлэгтэй, тэр дундаа НҮБ-тай хамтран ажиллах замаар шийдэх боломжтой юм.

Ирэх жил Монгол улс НҮБ-ын гишүүнээр элссэний 60 жилийн ой тохиох юм. Бид энэхүү санаачилгын утга агуулгыг гүнзгий ойлгож, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилсан энэхүү санаачилгын хүрээнд хамтран ажиллах хэрэгтэй.

Бид олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, тэдгээрийн олон улсын шилдэг туршлагуудтай танилцах зайлшгүй шаардлага тулгарч байна. Тиймээс би засгийн газрын агентлагуудын бүх төлөөлөгчид, салбарууд, иргэн нэг бүрийг энэхүү НҮБ-75 санаачилгад идэвхитэй оролцож Монгол улсын болон дэлхийн хөгжлийн талаар чухал бодитой санал, санаачилга гаргахыг уриалж байна. НҮБ болон Монгол дахь түүний агентлагуудын гаргасан хүчин чармайлт, оруулсан хувь нэмрийг чин сэтгэлээсээ үнэлж байна. Үнэндээ вакциныг хүн төрөлхтний нээсэн арван гайхамшгийн нэг гэж тодорхойлдог. ДЭМБ дэлхийн долоон тэрбум хүнийг вакцингүйгээр бүгдийг нь хамгаалж чадахгүй гэдгээ аль хэдүйнээ зарлаад байгаа. Монгол улсын хувьд НҮБ болон ДЭМБ-аас ойрын ирээдүйд хүсэн хүлээж байгаа Ковид-19-ийн вакцингүйгээр хүн амаа бүгдийг нь хамгаалж чадахгүй. Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд батлагдсан COVID-19 тохиолдлын нийт тоо 21.8 сая гаруй байна. Дэлхийн хэмжээнд энэ үед, сүүлийн 24 цагийн хугацаанд 267’000 хүн шинээр халдвар авч байна. Дэлхийн хэмжээнд амиа алдсан хүмүүсийн нийт тоо аль хэдийн 781’000 давж, өнгөрсөн шөнө 5985 хүн таалал төгсөв. COVID-19 тохиолдол дэлхийн 216 гаруй улс орон, нутаг дэвсгэрт батлагдсан. Монгол Улсад зөвхөн коронавирусын зөөвөрлөгдсөн халдварын тохиолдлууд бүртгэгдсэн бөгөөд одоогоор дотооддоо олон нийтийн дунд халдвар тархсан тохиолдол батлагдаагүй байгаа. Энэ бол өнөөдөр бид энд хөгжлийн зорилтуудын талаар хуралдаж, ярилцах боломжийг олгож байгаа маш их хүчин чармайлт, хөдөлмөрийн үр дүн юм. Энэ тал дээр НҮБ, ялангуяа Суурин зохицуулагч Эрхэм Тапан Мишрагийн оруулсан хувь нэмэр маш их юм. Нэг ертөнцийн талаарх үзэл баримтлал ба ирэх 25 жилийн тогтвортой хөгжлийн хэтийн төлөвийн талаар дэлхийн хамтын нийгэмлэгийн хамтын дуу хоолойг тусгахыг дэмжиж буй энэхүү UN75 санаачилга нь маш чухал арга хэмжээ бөгөөд бид үүнд тодорхой саналуудаа өгөх хэрэгтэй. Монгол улсын нийт газар нутгийн 76.8% нь цөлжилтөд их бага хэмжээгээр өртсөн байна. Эдийн засгийн золиос нь байгаль орчин байх ёсгүй, учир нь бидний оршин тогтнол үүнээс хамаарч байдаг. Бид энэхүү дэлхийн санаачилгыг өндрөөр үнэлж байгаа бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны нэрийн өмнөөс дэлхийн цаг уурын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээ, түүний дотор дулаарлыг бууруулах, дасан зохицох арга хэмжээ авах нь энэхүү UN75 яриа хэлэлцүүлгийн нэг хэсэг нь байх ёстой болов уу гэж найдаж байна.

Монгол улсын нийт газар нутгийн 76.8% нь цөлжилтөд их бага хэмжээгээр өртсөн байна. Эдийн засгийн золиос нь байгаль орчин байх ёсгүй, учир нь бидний оршин тогтнол үүнээс хамаарч байдаг.

Мөн бид ядуу буурай болон хөгжиж буй улс орнуудын ард иргэдийн залуучуудыг Англи хэл үр дүнтэй сурахад нь дэмжлэг үзүүлж ажиллах байх гэж найдаж байдаг бөгөөд энэ нь хөгжиж буй болон хөгжингүй орнуудын хооронд цаг алдалгүй харилцан зөвлөлдөхөд нэн чухал хувь нэмэр байх болно. Эрүүл мэндийн салбарыг сайжруулах шаардлагатай байгаа нь бидний хөгжлийн хөтөлбөрийн зайлшгүй чухал үндсэн ойлголтуудын нэг юм. Өөр нэг чухал асуудал бол нийгмийн сүлжээнд тулгарч буй бэрхшээлүүд юм. Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө гэдэг нэрийн дор хийсэн үйлдлээ зөвтгөхийг хичээх хандлагатай тэдгээр сөрөг халдлагуудаас энэхүү талбарыг зохицуулж, хамгаалахад НҮБ-ын манлайлал маш чухал байх болно. НҮБ-75 хэмээх дэлхийн яриа хэлэлцүүлгийн тайлан ба хэлэлцүүлгийн эхний үе шатны дүн шинжилгээгээр олж тодорхойлсон хүйсийн тэгш эрхийн асуудал буюу эмэгтэйчүүд ба охидуудын эсрэг үйлдэж байгаа хүчирхийлэл байсаар байгаа талаарх судалдааны дүнтэй би санал нийлж байна. НҮБ-75 санаачилга нь нийгмийн төлөөлөл болсон бүхий л бүлгүүдийн дуу хоолойг хамруулахыг хичээж, эрч хүчтэй хэрэгжиж байгаад би баяртай байна. Монгол улсын засгийн газрын төлөөлөгчдийн зүгээс оруулж буй хувь нэмэр үндэсний түвшинд хэрэгжиж буй энэхүү санаачилгыг манлайлах ёстой юм шүү гэдгийг би онцлон тэмдэглэмээр байна.”  

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэндчилгээг Суурин зохицуулагчид уламжилав. Мөн тэрээр тогтвортой хөгжил, хүний ​​хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлах болсон НҮБ-ын бодлого, стратегийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв. 2020 онд Монгол улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд олсон ололт амжилт, тулгамдсан сорилт бэрхшээлүүдэд дүн шинжилгээ хийж, Алсын хараа 2050 хэмээх баримт бичигтээ ирээдүйн 30 жилийн хөгжлийн боломж болон алсын харааг боловсруулсан билээ. Энэхүү баримт бичгийг боловсруулах явцад уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл ба хүрээлэн буй орчны доройтол бол хамгийн тулгамдсан асуудлуудын нэг гэж үзсэн. Мөн Үндэсний аюулгүйн зөвлөлийн гишүүд байж болзошгүй дотоод болон гадаад эрсдлүүдийг олж тогтоосон байна. Ямар ч улс, байгууллага, тэр байтугай хувь хүн ч хүртэл бусад цаг үетэй харьцуулахад харилцан бие биенээсээ хамааралтай болохын хэрээр даяарчлалын нөлөөллөөс ангид орших аргагүй болж буй энэхүү эгзэгтэй цаг үед амьдарч байгаа бид энэхүү НҮБ-75 хэмээх санаачилгыг тэмдэглэж байна. Иймэрхүү нөлөөллүүд нь заримдаа хүрээлэн буй орчинд хор хөнөөл учруулж болзошгүй, эдийн засгийн хэт их ашиглалт зэрэг сөрөг талыг мөн дагуулж байдаг. Үүнтэй холбогдуулан эдгээр хүчин зүйлийг зохицуулахад НҮБ-ын манлайллын байр суурийг үнэлж байна. Боловсрол, эрүүл мэндийн бүрэлдэхүүн хэсгүүдийн шалгуур үзүүлэлтүүд бол манай нийгмийн хамгааллын бодлогын үндсэн гол хэсэг нь бөгөөд үүнийг манай засгийн газар болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлогод суулгаж өгсөн байдаг хүний хөгжлийн үзэл баримтлалын суурь нь юм. Манай хөдөлмөрийн зах зээлийн статистик мэдээллээс харахад зарим нэг далд асуудлууд гарч ирж байна. Жишээлбэл, 2019 онд манай нийслэлийн хэмжээнд ажил олгогчид 113’000 нээлттэй ажлын байр зарлаж, санал болгосон бол нөгөө талаар 120’000 орчим хүмүүс идэвхтэй ажил хайж байсан байдаг. Бодит амьдрал дээр 63’000 орчим хүн ажилд орсон бол, ойролцоогоор 57’000 хүн ажилтай болж чадаагүй байна.

Боловсрол, эрүүл мэндийн бүрэлдэхүүн хэсгүүдийн шалгуур үзүүлэлтүүд бол манай нийгмийн хамгааллын бодлогын үндсэн гол хэсэг нь бөгөөд үүнийг манай засгийн газар болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлогод суулгаж өгсөн байдаг хүний хөгжлийн үзэл баримтлалын суурь нь юм.

Энэхүү тодорхой статистик тоон мэдээллийн хувьд нэг бол ажил олгогчдын зүгээс санал болгож буй цалин нь хангалтгүй эсвэл тэдний зүгээс шаардаж буй ур чадвар, туршлага нь ажил горилогч нарын ур чадвар, туршлагатай таарч, нийцэхгүй байгааг илэрхийлж байж болох юм. Ажил эрхлэлт гэдэг бол нийгмийн даатгал болон нийгмийн халамжийн системд тулгуурлаж байдаг тогтвортой нийгмийн хамгааллын суурь болж байдаг бөгөөд нийгмийн хамгаалал гэдэг бол тогтвортой хүний хөгжлийн гол суурь нь юм. Энэ асуудлын үндэс шалтгааныг олж тодруулахын тулд гурван долоо хоногийн хугацаанд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн удирдлагуудтай уулзаж, уулзалтууд зохион байгуулах замаар хөдөлмөрийн зах зээлийн уг түвэгтэй нөхцөл байдал ба ажиллах хүчний хангамжийн нөөц чадавхид дүн шинжилгээ хийж үзсэн. НҮБ-ын санаачилгыг зохион байгуулах арга хэлбэр шиг нийгмийн бүх давхаргын оролцоог хангах замаар аливаа хөгжлийн алсын харааг боловсруулах нь чухал гэдэг тал дээр би Байгаль орчин, аялал жуулчлалын сайдтай санал нэг байна. Бид Үндсэн хуулинд амжилттай нэмэлт өөрчлөлт оруулж, Алсын хараа 2050 баримт бичгийг боловсруулахдаа нийгмийн бүхий л бүлгийг оролцуулах замаар олон талт хамтрагч талуудын ийм зөвлөгөөн зохион байгуулдаг арга хэлбэрийн үр ашгийг олж харсан билээ. Манай Засгийн газар, ялангуяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам эдгээр асуудлуудыг шийдэх хамгийн зохистой шийдлийг олохыг эрмэлзэж байгаа бөгөөд НҮБ-тай хамтран ажиллахад бэлэн байна ”гэлээ.

Үүний дараа оролцогчдыг UN75 санаачилга, НҮБ ба Монгол Улсын харилцаа, НҮБ-75 санаачилгын цахим болон цахим бус хэлбэрээр (JotForm) санал асуулгад оролцох боломжийг сурталчилан таниулсан гурван цуврал видеог үзэхийг урьсан байна. Дараа нь НҮБ-75 санаачилгын зөвлөлдөх уулзалтын үндсэн зорилго, сэдэв болон өргөн олон нийт тэр дундаа ТББ-ууд, Иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран хэлэлцэх болсон зорилгын талаар НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газрын Стратегийн төлөвлөлт хариуцсан Ахлагч Ж.Должинсүрэн танилцуулав.

НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газрын Мэдээлэл, харилцааны зөвлөх Д.Сэнгэлмаа цахим болон цахим бус хэлбэрээр санал өгөх сонголтуудыг танилцуулж, заавар өгсөний дагуу оролцогчдод зориулан нэг минутын санал асуулгын Монгол хэлээр бэлдсэн цахим хуудас руу шууд хүрэх боломжийг бүрдүүлж өгсөн QR кодны дээгүүр нь гар утасныхаа фото камерыг гүйлгэн уншуулах замаар, хуралд оролцогчид саналаа бөглөж өгч дууслаа. 

Хурлыг чиглүүлэгчид бүлгийн хэлэлцүүлгийн үндсэн зааварчилгаа өгч, чиглүүлэх гол гурван асуултаас гадна, уг хэлэлцүүлгийн үзэл баримтлал, дэлхийн түвшинд өрнөж буй НҮБ-75 санаачилгын яриа хэлэлцүүлгийн эхний үе шатны үр дүнд урьдчилсан байдлаар тодорхойлогдоод буй, хөгжилд саад болж буй гол чиг хандлагуудын талаар танилцуулав.

Дараа нь оролцогчид 5 бүлэгт хуваагдаж, чиглүүлэх 3 асуултын дагуу яриа хэлэлцүүлэг өрнүүлж, дараах тулгамдаж буй асуудлуудыг олон талт хамтрагч талууд, ялангуяа Засгийн газартай хэрхэн хамтран шийдвэрлэж болох талаар санал, шүүмж, зөвлөмж, санаачилгуудаа танилцуулж мөн тэднийг нэн даруй ойрын хугацаанд, дунд хугацаанд, урт хугацаанд хөрөнгө оруулалт, дэд бүтэц, хууль эрх зүйн орчинг бүрдүүлж байж хэрэгжүүлэх боломжийн талаар хэлэлцэж, ач холбогдлын дарааллаар эрэмбэлэв.

Гурван чиглүүлэх асуулт:

  1. Дэлхий нийт, үндэсний өмнө тулгамдаж буй бэрхшээл, сорилт, асуудлуудыг томьёолох. (тухайлбал 2045 он хүртэл)
  • Цар тахлын нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлж буй сөрөг нөлөөлөл
  • Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт ба байгаль орчны доройтол
  • Ядуурал ба тэгш бус байдал
  • Хүн ам зүйн бүтцэд гарч буй өөрчлөлт
  • Тоон технологийн хөгжлийн таамаглашгүй шинэ чиг хандлага
  • Эрүүл мэндийн салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудал
  • Энх тайван, аюулгүй байдалд тулгарч буй аюул
  • Засгийн газар ба ард иргэдийн хоорондын итгэлцлийн асуудал
  1. Дэлхийн хамтын ажиллагаа, ялангуяа НҮБ эдгээр тулгамдаж буй сорилт, бэрхшээлийг хэрхэн илүү сайн удирдан зохион байгуулж, шийдвэрлэх вэ? Ингэж ажиллахын тулд НҮБ үйл ажиллагаагаа хэрхэн өөр хэлбэрээр зохион байгуулсан нь дээр вэ? НҮБ хэрхэн өөрчлөгдөн, шинэчлэгдэж болох вэ? НҮБ нь хөгжлийн чиглэлийн бусад оролцогч талуудтай хэрхэн илүү сайн хамтран ажиллах хэрэгтэй вэ?
  2. Та бүхний тодорхойлсон сорилт бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, үүрэг оролцоо ямар нөлөө үзүүлж болох вэ?  

  

 

БҮЛГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ҮР ДҮН
 

Баг тус бүрийн илтгэлийн товч дүгнэлт

1-р баг

НҮБ-ын бүтэц, стратегийг шинэчлэх замаар дэлхийд нэгдүгээрт тооцогддог олон улсын байгууллага болох түүний статусыг цаашид улам сайн бэхжүүлэх хэрэгтэй байна. Нэн ялангуяа НҮБ нь, бүх 193 гишүүн улс орнуудынхаа төлөөллийг хамруулсан байнгын үйл ажиллагаатай дэлхийн парламентийн байгууллагыг байгуулах хэрэгтэй. Монгол улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт нь тогтвортой байх ёстой хэмээн зааж өгч, Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулсны үр дүнд бид Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг баталсан билээ. Тийм учраас бид байгаль орчин ба нийгэмдээ ээлтэй, эдийн засгийн хувьд хэрэгжиж болохуйц тогтвортой хөгжилд чиглэсэн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх болно. Бид мөн Эдийн засгийн хөгжлийн яам болон Эдийн засгийн хөгжлийн хүрээлэнг байгуулж ажиллах хэрэгтэй.

2-р баг

Тодорхой бүлэг хүмүүсийн зүй зохисгүй үйл ажиллагааны улмаас байгаль орчин доройтох бэрхшээл сорилт учрах болсон. Монгол улсад хог хаягдлыг дахин боловсруулах нь чухал байна. НҮБ-ын хүрээнд бүтэц тогтолцооны шинэчлэл хийх асуудал нь маш өргөн цар хүрээний асуудал боловч бид энэ талаар дуу хоолойгоо хүргэж л байх хэрэгтэй. Олон нийтийн хэлэлцүүлэг, иргэдийн оролцоо, нийгмийн дунд итгэлцлийг буй болгоно гэдэг бол сайн засаглалын хамгийн тохиромжтой суурь үндэс бөгөөд үр өгөөжтэй эдийн засгийн хөгжлийн чухал хэмжигдэхүүн юм. Нэгдсэн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх замаар салбар хоорондын, салбар дамнасан уялдаа зохицуулалтыг хангаж ажиллах нь нэн чухал юм.

3-р баг

Уг багийн хувьд байгаль орчин болон бэлчээрийн доройтол бол мал аж ахуйн салбарт тулгамдаж буй хамгийн гол тулгамдаж буй асуудал юм хэмээн тодорхойлсон байна. Тэд мөн худалдааны бодлогын асуудлыг, ялангуяа хөгжиж буй орнуудын гадаад худалдаанд тулгарч буй худалдааны саад бэрхшээлийг онцлон тэмдэглэсэн байна. Өндөр хөгжсөн болон хөгжиж буй орнуудын дунд үүсээд буй энэхүү нөхцөл байдлыг зохицуулах маш их нөөц боломж НҮБ-д байна. Монгол улсын хувьд дотоод болон гадаад худалдааны бодлого боловсруулж, төлөвлөхөд тусгайлан чиглэсэн ямар нэгэн томоохон байгууллага гэж байхгүй байгаа тул энэ тал дээр Монгол улсад НҮБ-ын дэмжлэг шаардлагатай байна. 

4-р баг

Энэ багийн хувьд шинээр урган гарч ирж буй асуудлуудын хоорондын уялдаа холбоог хүний хөгжлийн асуудалтай холбоотойгоор дэлхийн түвшинд тодорхойлон гаргаж ирсэн байна. Кассчингүй банкны салбар, багш наргүй шахам боловсролын салбар, олон жолооч шаардлагагүй тээврийн салбар гэх мэт хөдөлмөрийн шинэ зах зээлтэй аажмаар бид нүүр тулах магадлалтай аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалтай уялдуулан бид боловсрол болон эрүүл мэндийн салбарууддаа шинэчлэл хийх шаардлагатай байна. Ойрын ирээдүйд ур чадвар багатай олон ажилчид ажилгүй болох болно. Бусад бүх багийнхны адил энэ баг мөн санхүүжилтийнх нь ихэнх хэсгийг олгож, үүнийхээ хариуд нь тодорхой нөхцөл шаардаж байдаг цөөхөн хэдэн хандивлагч нарын дуу хоолойг илүү сонсох хандлагтай байдаг өнөөгийн нөхцөл байдлаа НҮБ эргэн нэг харж үзэхийг зөвлөсөн байна. Өөрөөр хэлбэл НҮБ-ын хувьд, илүү оролцоог хангасан тэгш гараанаас адил тэгш эрхийг олгодог тоглоомын дүрмийг буй болгож болохуйц тийм бүтэц тогтолцоо, шийдвэр гаргах механизмыг хангасан шинэчлэл хэрэгтэй байна. Энэ багийн хувьд хүний хөгжлийг тэргүүлэх чиглэл болгох хэрэгтэй байгааг онцолсон байна. Мөн бүсчилсэн хөгжлийн үр ашигт тулгуурласан хөгжлийн бодлого нь анхаарал татаж байна. 

5-р баг

Энэ багийн хувьд хүний далд ухамсрын түвшинд заримдаа шингэсэн байдаг шунахай сувдаг сэтгэлийг онцлон ярилцсан бөгөөд энэ нь улмаар энэ үеийнхэнд хүрэлцэх хэмжээнээс давуулан, ирээдүй үе хойчийн үед хэрэглэх байсан байгалийн нөөцийг хэтрүүлэн ашиглах замаар материаллаг баялгийн хойноос хөөцөлдөн, өөрт байгаа зүйлдээ хэзээ ч сэтгэл ханадаггүй байна. Бусад бүх томоохон бэрхшээлүүд, боломжит шийдлүүдийн талаар гаргасан зөвлөмжүүд нь бусад багуудын онцолсон асуудлуудтай төстэй байв.

 

ДҮГНЭЛТ

Баг тус бүр хөгжлийн тулгамдсан асуудлуудын хүрээнд онцгой асуудлуудыг гаргаж тодорхойлсон байгаа боловч зарим асуудлын хувьд тэд бүгд нийтлэг үзэл санаатай байгаа нь харагдаж байна. Олон оролцогчдын хувьд мэдлэг, боловсрол, эрүүл мэнд, сэтгэлгээ, хандлагын олон хуримтлагдсан асуудлууд бол хүний хөгжлийн түвшинтэй холбоотой гэж үзжээ. Хүний хөгжлийн түвшин доогуур байна гэдэг нь эдийн засаг, байгаль орчин, тэр байтугай хөгжлийн түншүүдэд хүртэл сөрөг нөлөөлөл үзүүлэх магадлалтай гэсэн үг. Бүх багийнхны хувьд НҮБ-ын шинэчлэлийн ач холбогдлыг онцолсон боловч үүнийг хийхдээ жижиг эдийн засагтай гишүүн улс орнуудынхаа дуу хоолойг сонсож, хөгжлийн хөтөлбөртөө тэдний саналыг эрх тэгш түвшинд тусгаж оруулах замаар боломжит шинэ бүтэц тогтолцоог нэвтрүүлэх нь чухал гэжээ. Үүнтэй холбогдуулан НҮБ тодорхой шинэ бүтэц зохион байгуулалтыг бий болгох шаардлагатай байна. НҮБ-ын дор байнгын үйл ажиллагаатай тийм шинэ институт байгуулж чадвал илүү харилцан зөвлөлдөх боломж бүрдсэн уялдаа холбоог хангасан механизмыг хэрэгжүүлэх бололцоотой юм. Бүх багийн хувьд давтан онцолж байсан дараагийн нэг чухал зүйл бол өнөөгийн бидний салбар дундын болон салбарууд дамнасан зохицуулалт, уялдаа холбоо дутагдалтай байгаа тухай шүүмжлэл байв. Эдгээр шийдвэр гаргагч нар болон бодлого боловсруулагч нарын хувьд тодорхойлсон уг асуудал бэрхшээлүүдийн үндэс шалтгааныг ойлгож байгаа бөгөөд эдгээр үндэс шалтгаануудын талаарх тэрхүү ойлголтоо үйл ажиллагаандаа тусган ажиллаж чадвал ойрын арван жилд Монгол улсад тодорхой бодит ахиц дэвшил гаргаж чадах нь гарцаагүй юм.

Мэдээлэл харилцааны багтай холбоо барих

Д. Сэнгэлмаа
Мэдээлэл, харилцааны зөвлөх
НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар
Цахим шуудангийн хаяг: sengelmaa@gmail.com
П. Тина
Хөгжлийн мэдээлэл харилцааны мэргэжилтэн
НҮБ-ын Хүүхдийн Сан
Утасны дугаар: 99993254
Утасны дугаар: 11312217 2203
Цахим шуудангийн хаяг: tpuntsag@unicef.org

About UNICEF

UNICEF promotes the rights and wellbeing of every child, in everything we do. Together with our partners, we work in 190 countries and territories to translate that commitment into practical action, focusing special effort on reaching the most vulnerable and excluded children, to the benefit of all children, everywhere.

Follow UNICEF on Twitter, Instagram, LinkedIn and Facebook