НҮБ-ын Хүүхдийн Сан болон түнш байгууллагууд Монгол гэрийн дулаалга, халаалтын технологийг Улаанбаатар хотод нэвтрүүлэв

Нийслэлийн Баянзүрх дүүргээс 50 өрх CHIP багц (Монгол гэрийн халаалт, дулаалгын бүтээгдэхүүн)-ийг хүлээн авч ашиглахаар сонгогдсон байна.

27 Аравдугаар сар 2020
UNICEF Staff member presents information about the CHIP - Cooking, Heating and Insulation Products package
People in Need (PIN) Mongolia Oct 2020

Монгол улс, УЛААНБААТАР ХОТ – Нийслэлийн Баянзүрх дүүргээс 50 өрх CHIP багц (Монгол гэрийн халаалт, дулаалгын бүтээгдэхүүн)-ийг хүлээн авч ашиглахаар сонгогдсон байна. CHIP багц нь гэрт амьдардаг өрхүүдэд цэвэрхэн, тухтай, дулаан өвөлжих боломжийг олгож байгаа юм. Сонгогдсон өрхүүд нь Улаанбаатарын гэрт амьдардаг өрхүүдэд CHIP багцыг сурталчлан таниулах жишиг болно.

НҮБ-ын Хүүхдийн Сан, Швейцарын Хөгжлийн Агентлаг, Манитобагийн Олон Улсын Хамтын Ажиллагааны Зөвлөл болон Монгол Улсын Засгийн Газрын санхүүжилттэйгээр “Пипл Ин Нийд” ОУТББ, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн хамтран хэрэгжүүлж буй CHIP багц нь монгол гэрийн янданг халж, гэрт амьдардаг хүмүүсийн нүүрсний хэрэглээг зогсоох  хямд, үр дүнтэй шийдэл бөгөөд уг шийдлийг олон улсын болон дотоодын тэргүүлэх эрдэмтэн судлаачид хамтран боловсруулжээ.

БЗД-ийн Засаг Даргын Орлогч Д. Уламбаяр “CHIP шийдэл нь нүүрс түлдэг зуухыг орлуулах тав тухтай, хямд сонголт юм. Халаагуур нь ашиглахад хялбар бөгөөд гэрийг жигд хэмээр халаах боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ гадна болон дотор орчны агаарын бохирдлыг бууруулахад онцгой ач холбогдолтой“ гэв.

CHIP багц нь одоо Баянзүрх дүүрэг төдийгүй Улаанбаатар хотын бүх дүүргүүдэд худалдан авах боломжтой боллоо. Мөн уг багцыг зээлээр худалдан авахыг сонирхож буй иргэд Монгол Улсын Засгийн Газрын “Ногоон Зээл” хөтөлбөрийн хүрээнд хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр худалдан авах боломжтой юм.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Тогтвортой эрчим хүчний зөвлөх Э.Сүндэр “CHIP багц нь зөвхөн гэрийг дулаан байлгаад зогсохгүй айл өрхийг тэр дундаа хүүхэд, жирэмсэн эхчүүдийг агаар бохирдолд өртөхөөс хамгаалах зорилготой. Учир нь эдгээр нь зулбалт, оюун ухааны болон уушгины дутуу хөгжил зэрэг эрүүл мэндийн эрсдэлд хамгийн их өртдөг бүлэг юм” гэв.

НҮБ-ын Хүүхдийн сан 2019 онд Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “CHIPS” багц гаргасан бөгөөд 2022 он гэхэд Баянхонгорын төвийг Монгол Улсын анхны утаагүй аймгийг төв болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Өдгөө Баянхонгорын 250 өрх “CHIPS” багц авсан бөгөөд тус аймгийн сайн туршлагыг энэ жилээс Өмнөговь, Говь-Алтай аймаг, нийслэлийн Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлж эхэлжээ.

Мэдээлэл харилцааны багтай холбоо барих

П. Тина
Хөгжлийн мэдээлэл харилцааны мэргэжилтэн
НҮБ-ын Хүүхдийн Сан
Утасны дугаар: 99993254
Утасны дугаар: 11312217 2203
Цахим шуудангийн хаяг: tpuntsag@unicef.org

НҮБ-ын Хүүхдийн Сангийн тухай

НҮБ-ын Хүүхдийн Сан нь дэлхийн 190 улс оронд хүүхдийг эсэн мэнд амьдрах, хөгжихөд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. НҮБ-ын Хүүхдийн Сангийн талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл www.unicef.mn хуудсанд зочилно уу.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Twitter болон Facebook пэйж хуудсыг дагаарай.


БНЧУ-д төвтэй Пипл ин Нийд (ПИН) ОУТББ нь хүний эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг хамгаалах, олон нийтийн оролцоог сайжруулах , тогтвортой амьжиргааг дэмжих, орчны бохирдлыг бууруулах зорилгоор 2011 оноос эхлэн Монголд тогтмол үйл ажиллагаагаа явуулж байна. Илүү дэлгэрэнгүйг ПИН-ийн веб болон FB хуудсаар зочлон үзээрэй.

Холбоо барих:

Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл Пипл Ин Нийд ОУТББ-ын Төслийн Зохицуулагч М.Номиндэлгэртэй холбогдоно уу. nomindelger.munkhuu@peopleinneed.cz, 99743060