ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДӨР – 11-р сарын 20
- Боломжтой:
- English
- Mongolian
11-р сарын 20 бол Дэлхийн Хүүхдийн Өдөр. Энэ өдөр НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц батлагдсан өдөр бөгөөд 2017 эхлэн Дэлхийн Хүүхдийн Өдөр болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Хүүхдийн Сангаас уриалсны дагуу дэлхийн 130 гаруй орон нэгджээ.
Энэ өдөр хүүхдүүд өөрсдөд нь тулгамдсан асуудлаар томчуудад дуу хоолойгоо өргөж, томчууд хүүхдүүдээ сонсож, тэдний төлөө “За” гэж хэлэх өдөр юм. Энэ өдөр дэлхийн улс орнууд хүүхдийн дуу хоолойг сонсох өндөр хэмжээний арга хэмжээнүүд, санал санаачилгууд өрнөдөг.
Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангаас Дэлхийн Хүүхдийн Өдрийг тэмдэглэх хүрээнд Монголын хүүхэд багачуудын эрүүл мэндэд заналхийлж буй агаарын бохирдлын асуудалд дахин олон нийтийн анхаарлыг хандуулахыг зорьж байна. Хүүхэд эхийн хэвлийд дөнгөж бүрэлдсэн мөчөөс эхлэн утаагаар хордож эхэлдгийг дэлхийн олон судалгаа нотолж байна.
Агаарын бохирдлоос болж ээж нар дутуу төрөх, үр зулбах эрсдэлд орж байна. Монгол Улсад зунтай харьцуулахад өвлийн улиралд дутуу төрөлт, үр зулбалт 5 дахин нэмэгдсэн судалгаа бий. Түүнчлэн өвлийн улиралд томуу, томуу төст өвчний шинж тэмдэг 6 дахин нэмэгддэг. Мөн бронхит болон астма хүүхдүүдийн дунд нэмэгдэж байгаа нь тэдний сурах, хөгжих боломжийг хязгаарлахад хүргэж байна.
Үүгээр зогсохгүй утаа нь эхийн хэвлийд байгаа хүүхдийн тархины хөгжилд нөлөөлж, яваандаа сэтгэцийн болон зан төлөвийн өөрчлөлтөд оруулах эрсдэлтэйг олон улсын эрдэмтэд сүүлийн үед нотолсоор байна. Тиймээс агаарын бохирдлоос хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, түүнээс урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоо чухлыг НҮБ-ын Хүүхдийн Сангаас Дэлхийн Хүүхдийн Өдөр онцолж байна.
Дэлхийн Хүүхдийн Өдөрт нэгдэж, Монголын хүүхдийн асуудлыг хөндсөн нийтлэл, сурвалжилга, мэдээ, яриа, хэлэлцүүлэг, нэвтрүүлэг бэлтгэж, өөрсдийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэхийг уриалж байна.
Мэдээлэл харилцааны багтай холбоо барих
НҮБ-ын Хүүхдийн Сан
НҮБ-ын Хүүхдийн Сан нь хүүхэд бүрийн эсэн мэнд амьдрах, боловсрол эзэмших, оролцох ба хамгаалагдах эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлдэг. Хамтрагч, түншүүдийнхээ хамт бид 190 улс орон, нутаг дэвсгэр дээр бүх хүүхдийн тусын тулд энэ амлалтыг бодит ажил хэрэг болгохоор зорин, хамгийн эмзэг, гадуурхагдсан хүүхдүүдэд хүрч ажиллахаар онцгой хүчин чармайлт гарган ажиллаж байна.