Агаарын бохирдлын нэгдсэн мэдээллийн “Агаар Нэг” платформ нээлтээ хийлээ

https://agaarneg.mn/

03 Гуравдугаар сар 2021
Agaar Neg
UNICEF Mongolia

2020 оны 3-р сарын 2 — Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ), Улаанбаатар хотын захиргаа, НҮБ-ын Хүүхдийн Сан, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран агаарын бохирдлын талаарх нэгдсэн мэдээллийн “Агаар Нэг” платформын нээлтийг цахимаар хийлээ. (www.agaarneg.mn)

Энэхүү платформыг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж буй Засгийн газар, иргэний нийгэм, хувийн хэвшил зэрэг бүхий л байгууллагууд хоорондоо судалгаа, мэдээлэл хуваалцах, туршлага солилцох, хамтран ажиллах орчныг бүрдүүлэх зорилготойгоор хөгжүүлсэн юм. Хөгжүүлэлтийг Брийт Монголиа ТББ (Breathe Mongolia) гүйцэтгэн ажилласан. Платформ дээр тухайн байгууллага өөрийн танилцуулгыг оруулах боломжтой бөгөөд мэдээллийн сангаас нарийвчилсан хайлт хийх, сүүлд оруулсан мэдээллийг автоматаар шинэчлэх нүүр хуудас зэрэг олон сонголтуудтай бөгөөд Англи, Монгол хэл дээр мэдээлэл оруулах боломжтой юм.

“Энэ платформыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс хөгжлийн байгууллага хоорондын болон Засгийн газартай хэрэгжүүлэх агаарын бохирдолтой холбоотой үйл ажиллагааг зохицуулах, сайн туршлагыг улс орон даяар түгээх, улс, орон нутгийн төсөвтэй уялдуулж хэрэгжүүлэх, шинэ төсөл боловсруулах, хөрөнгө босгоход ашиглаж, цаашид хөгжүүлж том хэмжээний мэдлэг, мэдээллийн сан болно гэж итгэж байна” хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Т.Уртнасан онцлов. 

“Ковид-19 цар тахлын улмаас үүсэж буй цахим шилжилтийн энэ үед агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг нэгтгэн, мэдээллийн сан үүсгэж байгаа нь том дэвшил. Гэхдээ энэхүү мэдээллийн сангийн цаашдын тогтвортой байдал, үр дүн нь оролцогч талуудын сонирхол, оролцооноос хамаарна” гэж НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Алекс Хайкенс хэлэв.

Өнөөдрийн байдлаар НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, People In Need Mongolia (PIN), ГЕРЕС ОУТББ, Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоо, Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Институт, Дэлхийн Банкны Монгол дахь төлөөлөгчийн газар зэрэг 20 гаруй байгууллага уг платформд гишүүнээр элсээд байна.

"Бид агаарын бохирдлын асуудлыг цахим технологийн талаас нь шийдвэрлэх дээр илүү анхаарч ирсэн ба цаашдаа ч мөн “Агаар Нэг” санаачилгын хүрээнд энэхүү үүргийг гүйцэтгэн, дэмжин ажиллах болно" хэмээн Брийт Монголиа ТББ-ын үүсгэн байгуулагч Ц.Азжаргал хэллээ.

Энэхүү санаачилгын дараагийн шатанд БОАЖЯ, НҮБ-ын Хүүхдийн Сан, Швейцарын хөгжлийн агентлаг, Брийт Монголиа болон People In Need байгууллагын хамтарсан баг тус платформд гишүүнээр элсэн орсон болон энэ салбарт ажилладаг бүхий л байгууллагын мэдээллийг цуглуулах, нэгтгэх ажлыг хийх юм.

Агаарын бохирдлын тухай мэдээллийн нэгдсэн “Агаар Нэг” платформын холбоосууд:

  1. Платформ: https://agaarneg.mn/
  2. Гишүүнээр элсэх: https://airtable.com/shrRudVMuJvU3UVJT
  3. Facebook хуудас: https://www.facebook.com/agaarneg.mn
  4. Slack:  https://agaar-neg.slack.com/archives/G01MLGKGHSP

 

 

***

Дэлгэрэнгүй мэдээлэл, асуулт гарвал доорх мэдээллийг ашиглан холбоо барина уу:

 

Т.Амаржаргал
Утас: 99179899
E-mail: amarjargal9899@gmail.com
Хэвлэл, мэдээллийн албаны дарга
Байгаль орчин, аялал жуулчлалын яам

 

Б.Мөнгөнхишиг
Утас: 90300910
E-mail: mbatbaatar@unicef.org
Мэдлэгийн менежментийн мэргэжилтэн
НҮБ-ын Хүүхдийн Сангийн Агаарын бохирдол, байгаль орчны хөтөлбөр

 

Ц.Азжаргал
E-mail: aza@breathemongolia.org
Брийт Монголиа ТББ-ын үүсгэн байгуулагч

Мэдээлэл харилцааны багтай холбоо барих

Д.Ариунзаяа
Мэдээлэл, харилцааны ахлах мэргэжилтэн
Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сан
Утасны дугаар: (976) 11 312217 2203
Утасны дугаар: (976) 99112652
Цахим шуудангийн хаяг: adavaa@unicef.org

НҮБ-ын Хүүхдийн Сан

НҮБ-ын Хүүхдийн Сан нь хүүхэд бүрийн эсэн мэнд амьдрах, боловсрол эзэмших, оролцох ба хамгаалагдах эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлдэг. Хамтрагч, түншүүдийнхээ хамт бид 190 улс орон, нутаг дэвсгэр дээр бүх хүүхдийн тусын тулд энэ амлалтыг бодит ажил хэрэг болгохоор зорин, хамгийн эмзэг, гадуурхагдсан хүүхдүүдэд хүрч ажиллахаар онцгой хүчин чармайлт гарган ажиллаж байна.

Биднийг дагаарай. Twitter, Instagram, LinkedIn and Facebook