Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян

25 Арван нэгдүгээр сар 2020
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян
UNICEF Mongolia
Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе

Өрх гэрт төдийгүй, байгууллага, олон нийтийн газар эмэгтэйчүүд, охид, хөвгүүдийг хүчирхийлэх нь тэдний бие махбодь, сэтгэл санаа, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндэд сөрөг үр дагавар учруулж, хүний эрхийг нь ноцтой зөрчсөн үйлдэл болохыг Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын энэ өдөр Монгол дахь НҮБ-ын 11 төрөлжсөн байгууллага бүгд хамтдаа дахин мэдэгдэж байна. Хүчирхийллийн ноцтой тохиолдолд хүмүүс амь насаа алдах явдал гардаг. Иймд яг одоо хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох ёстой.

Монголд анх 2017 онд үндэсний түвшинд явуулсан жендэрт суурилсан хүчирхийллийн тархалтын судалгаанаас үзэхэд хоёр эмэгтэй тутмын нэг нь амьдралдаа жендэрт суурилсан хүчирхийлэлд дор хаяж нэг удаа өртсөн, гурван эмэгтэй тутмын нэг нь судалгаа авахын өмнөх жилд хүчирхийлэлд өртсөн байна. Мөн 2017 онд Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссын хийсэн судалгаагаар эмэгтэйчүүд, залуучууд ажлын байранд хүчирхийлэл, дарамтад өртөх явдал цөөнгүй байгаа нь тогтоогдсон байна.

Өнгөрсөн 5 жилд Монгол Улсын Засгийн газар, үндэсний болон олон улсын төрийн бус байгууллагууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд хамтран хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах, дэмжих тогтолцоог бий болгосон төдийгүй нийгэм, улс төр, эдийн засгийн хөгжлийн бодлого хөтөлбөрүүдийг жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд чиглүүлэхэд томоохон ахиц гаргалаа. Гэвч хүчирхийллийг таслан зогсоож, жендэрийн тэгш байдлыг хангахын төлөө хэдэн арван жилийн турш хийсэн тэмцлийн үр дүн ахиц дэвшил КОВИД-19 цар тахлын улмаас ухралтад орж болзошгүй байгааг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш анхааруулав.

Монгол Улсын Засгийн газар идэвхитэй шийдэмгий арга хэмжээ авч, КОВИД-19 цар тахлын тархалтаас амжилттай урьдчилан сэргийлж байна. Гэвч улс орон даяар хөл хорио тогтоож, хөдөлгөөнийг хязгаарласан нь жендэрт суурилсан хүчирхийлэл өсөхөд нөлөөлж, санаа зовоож байна. Бусад орнуудын нэгэн адил Монгол улсад ч бас хөл хорионы үед жендэрт суурилсан хүчирхийлэл гаарч, ялангуяа гэр бүлийн хүчирхийлэл өмнөх оны эхний хагастай харьцуулахад 2020 оны эхний хагаст 30 хувиар өссөн байна. Иймд өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоохын төлөө бүх салбар, ажил мэргэжлийн хүмүүс дуу хоолойгоо нэгтгэх нь хэзээ хэзээнээс илүү чухал болоод байна.

Энэ жил, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, элчин сайдын яамд, үндэсний болон олон улсын иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшлийн компаниуд хамтран тус улсад гэр бүлийн хүчирхийлэл, олон нийтийн газар, ажлын байран дахь дарамт, хүний наймаа, хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эсрэг хүчирхийлэл зэрэг жендэрт суурилсан хүчирхийллийн бүх хэлбэрийг таслан зогсоохын төлөө ажиллахыг уриалж байна.

2020 онд “Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе” уриан дор энэ аяныг улс орон даяар өрнүүлж байна. Энэ уриа нь бусдыг дарамтлах сэтгэлгээ, араншин амь бөхтэй байсан цагт жендэрт суурилсан хүчирхийлэлд хаана ч, хэн ч өртөж болзошгүйг анхааруулж, цаашид охид, хөвгүүд, эмэгтэй, эрэгтэй хүмүүс жендэрт суурилсан хүчирхийллийн аливаа хэлбэрт өртөж, зовж шаналахгүй байх нийгмийг цогцлоохын төлөө олон нийт, засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд одооноос тууштай  ажиллахыг уриалж байна.

2030 онд хүрэх Тогтвортой хөгжлийн зорилтын нэг болох жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоож, жендэрийн тэгш байдлыг хангах зорилтыг тус улсад хэрэгжүүлэхийн төлөө Монгол дахь НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд үргэлжлүүлэн ажилласаар байх болно. Бээжингийн тунхаглал – үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг баталсаны 25 жилийн ойг тэмдэглэхийн сацуу бид хүн бүрийн эрхийг хүндлэн  хамгаалдаг, хүчирхийллээс ангид нийгмийг байгуулахын төлөө Монголын олон нийт, Засгийн газар, шийдвэр гаргачид, олон улсын хамтын нийгэмлэгийг хамтран ажиллахыг уриалж байна.

Мэдээлэл харилцааны багтай холбоо барих

П. Тина
Хөгжлийн мэдээлэл харилцааны мэргэжилтэн
НҮБ-ын Хүүхдийн Сан
Утасны дугаар: 99993254
Утасны дугаар: 11312217 2203
Цахим шуудангийн хаяг: tpuntsag@unicef.org

About UNICEF

UNICEF promotes the rights and wellbeing of every child, in everything we do. Together with our partners, we work in 190 countries and territories to translate that commitment into practical action, focusing special effort on reaching the most vulnerable and excluded children, to the benefit of all children, everywhere.

Follow UNICEF on Twitter, Instagram, LinkedIn and Facebook