Хүүхдэд чиглэсэн орон нутгийн төсөвлөлтийн дүн шинжилгээ
- Боломжтой:
- English
- Mongolian
Тухай
НҮБ-ын Хүүхдийн Сан нь хүүхдэд ээлтэй төсөвлөлтийн чадавхыг үндэсний хэмжээнд бэхжүүлэх замаар хүүхдийн сайн сайхан байдлыг хангахад шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсын Сангийн яамтай хамтран ажиллаж байна.
Энэ хүрээнд хүүхэд төвтэй орон нутгийн төсвийн дүн шинжилгээг НҮБ-ын Хүүхдийн Сангийн “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн туршилтын Баянхонгор, Завхан, Говь-Алтай, Өмнөговь аймаг болон нийслэлийн Баянзүрх дүүрэгт эхлүүлж байна.
Дүн шинжилгээний гол зорилго нь орон нутгийн түвшинд батлан хэрэгжүүлж байгаа жилийн төсөвт хүүхдэд чиглэсэн арга хэмжээ хэрхэн тусгагддаг, төлөвлөлт ба бодлогын уялдаа холбоо ямар байгаа, төсөвлөлтийн процесст ямар бэрхшээл байгаа болон орон нутгийн төсвийн хэмжээг нэмэгдүүлэх ямар боломжууд байна гэдгийг тодруулж холбогдох дүгнэлт зөвлөмжийг бэлтгэхэд чиглэгдэж байгаа болно.
Дүн шинжилгээг төсвийн баримт бичгүүд дээр тулгуурлан хийсэн бөгөөд нэр дурдсан аймгууд болон нийслэлд сүүлийн 3 жилийн хугацаад улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгосон санхүүгийн дэмжлэг, тусгай зориулалтын шилжүүлгүүд болон орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан аймаг, нийслэл, дүүрэг, сумын төсвийг хамруулан авч үзсэн болно.
Зөвлөх үйлчилгээний эхлэлийн тайланд зөвлөхийн зүгээс цуглуулсан мэдээлэлд үндэслэн орон нутгийн төсвийг бүрдүүлдэг орлого, зарлагын бүрэлдэхүүн болон орон нутгийн төсвийн төлөвлөлтийн процессын гол талаарх ерөнхий дүр зургийг тодруулахыг зорьсон болно. Түүнчлэн гол асуудал болох хүүхдэд чиглэсэн төсвийн боломжит эх үүсвэрийг тодорхойлох зорилгоор сонгогдсон орон нутгийн төсвийг хэрхэн нарийвчлан задалж дүн шинжилгээ хийх аргачлал, төлөвлөгөөг тусгасан.
