Цар тахлын үеийн сарын тэмдгийн талаар мэдэх шаардлагатай 9 зүйл

КОВИД-19 дэлхийн эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн эрүүл ахуй, ариун цэвэрт нөлөөлж байна.

UNICEF and UNFPA
Periods in the pandemic: 9 things we need to know
UNFPA
26 Тавдугаар сар 2021

Коронавирусийн цар тахал нь олон хүний хувьд хөл хорио, хаалттай хил, зогссон бизнес зэргээр өргөн хүрээг хамарсан сөрөг үр дагавар үзүүлж байгаагийн дотор сарын тэмдэг нь ирдэг эмэгтэйчүүдэд мөн сөргөөр нөлөөлж байна.

НҮБ-ын Хүүхдийн Сан болон НҮБ-ын Хүн Амын сангаас цар тахлын үеийн сарын тэмдгийн эрүүл ахуйн талаар дараах 9 баримтат мэдээллийг хүргэж байна. Үүнд:
 

1. Сарын тэмдэг ирэх нь КОВИД-19 халдварын шинж тэмдэг биш.

Сарын тэмдэг ирэх нь эрүүл, хэвийн үзэгдэл бөгөөд ямар нэг өвчний шинж тэмдэг биш.

Гэтэл сарын тэмдэг бол КОВИД-19 өвчний шинж тэмдэг, эсвэл сарын тэмдэг нь ирсэн хүмүүс бусдад халдварыг тараах магадлал илүү өндөр гэх мэт сарын тэмдэг болон КОВИД-19 халдвартай холбоотой цуу яриа олон улс оронд тархжээ.

Ийм цуу ярианы тухайд анагаахын үүднээс тайлбар байхгүй ч сарын тэмдгийн талаарх гутаан доромжлолыг нэмэгдүүлэх магадлалтай.
 

2. Сарын тэмдэг ирсэн үед ашигладаг хэрэглэгдэхүүнүүд нь зайлшгүй шаардлагатай бүтээгдэхүүн болно.

Эдийн засгийн уналтын улмаас охид, эмэгтэйчүүд ариун цэврийн бүтээгдэхүүнийг тогтмол авч хэрэглэх боломжгүй болж байна. Ариун цэврийн бүтээгдэхүүн гэдэгт ариун цэврийн хэрэглэл, тампон, сарын тэмдгийн аяга, дахин ашиглах боломжтой алчуур, өвчин намдаагч, саван орно.

Зайлшгүй шаардлагатай ариун цэврийн бүтээгдэхүүн нь сарын тэмдэг ирдэг охид, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, нэр хүнд, сайн сайхан аж байдалд нэн тэргүүнд хэрэгцээтэй.

Шийдвэр гаргагчид эдгээр хэрэгслийг зайлшгүй шаардлагатай бүтээгдэхүүний жагсаалтад багтааж, тасралтгүй хангалт, хүртээмжийг нь баталгаажуулах ёстой. Сарын тэмдэгтэй холбоотой бүтээгдэхүүнийг зайлшгүй шаардлагатай гэж авч үзэх нь тэрхүү ариун цэврийн хэрэгсэл, бүтээгдэхүүн нь сарын тэмдэг ирдэг бүх охид эмэгтэйчүүдэд эрүүл мэнд, нэр хүнд, сайн сайхан аж байдлаа сахихад нэн тэргүүнд хэрэгцээтэй гэдгийг тодорхой илэрхийлнэ.
 

3. Эмнэлэгт байгаа хүмүүс сарын тэмдгийн ариун цэврийн бүтээгдэхүүнийг саадгүй авч хэрэглэх боломж хязгаарлагдмал байна.

Эмнэлэгт хэвтэж буй өвчтөн болон хөл хорионд байгаа хүмүүст сарын тэмдгийн ариун цэврийн бүтээгдэхүүн авч хэрэглэхэд хүндрэлтэй байна. Эмнэлгийн удирдлагууд дотооддоо хангалттай хэмжээний бүтээгдэхүүн нөөцөлж, хангах замаар энэхүү болзошгүй гачигдлыг шийдвэрлэх ёстой бөгөөд ажилтнууд нь уг хэрэгцээг мэдрэмжтэйгээр хангах чиглэлд сургагдсан байх шаардлагатай.
 

4. Эрүүл мэндийн ажилтнуудад бусад хүмүүсийн нэгэн адилаар сарын тэмдгийн ариун цэврийн бүтээгдэхүүн хэрэгтэй

Нийт эрүүл мэнд, эмнэлгийн ажилтнуудын 70 орчим хувь нь эмэгтэйчүүд байдаг. Цар тахлын эсрэг үр дүнтэй хариу арга хэмжээ авахын тулд тэд олон цагаар, асар их ачаалалтай ажиллаж байна. Тэдэнд зөвхөн сарын тэмдгийн ариун цэврийн хэрэгсэл бус, харин сарын тэмдгийн эрүүл ахуй, эрүүл мэндээ удирдан зохицуулах цаг хугацаа, эх үүсвэр шаардлагатай.

Энэ нь байнга хувийн хамгаалах хувцас хэрэгсэл (ХХХ) өмсөж тэргүүн шугамд ажилладаг эмч, эмнэлгийн ажилтнуудад илүү хамаатай. ХХХ-ийг өмсөх, тайлахад хугацаа ордог бөгөөд энэ хооронд ариун цэврийн хэрэглэлээ түргэн солих боломжгүйгээс эмэгтэйчүүдийн хамгаалалтын хувцсанд цус нэвтрэх, жирэмслэлтээс сэргийлэх эм бэлдмэл уух замаар сарын тэмдгийн ирэх хэмжээг багасгах, хүчээр зогсоох, эсвэл ажлаа таслах, чөлөө авахад хүргэдэг.
 

5. Ядуурлын улмаас сарын тэмдгийн ариун цэврийн бүтээгдэхүүн хэрэгсэл авах, эрүүл мэндээ сахин хамгаалахад хүндрэлтэй байна 

Амьжиргааны түвшин доогуур, ядуу амьдралтай хүмүүсийн хувьд сарын тэмдгийн ариун цэврийн бүтээгдэхүүн, хэрэгсэл болон холбогдох эрүүл мэндийн үйлчилгээ авахад хүндрэлтэй байна. Дэлгүүр хаагдаж, нийтийн тээвэр зогссоноос бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, эдийн засгийн тодорхойгүй байдал нэмэгдэн, үүний улмаас иргэдэд илүү том саад бэрхшээл тулгарч байна. Эмэгтэйчүүд хувийн ариун цэврийн хэрэглэлээсээ илүү хоол хүнс, ундны усаа нэн тэргүүнд тавихад хүрч байна гэсэн мэдээлэл хүртэл гарч байв. 

Цар тахлын үеэр бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ, мэдээллийн хүртээмж буурсны зэрэгцээ туйлын ядуу, хямралын нөхцөлд амьдарч буй хүмүүсийн эмзэг өртөмхий байдал нэмэгдэж байна.
 

6. КОВИД-19 сарын тэмдэг нь ирдэг эмзэг өртөмхий хүмүүсийн эрх, болон эрүүл мэндэд аюул учруулж байна.

Жендерийн тэгш бус байдал, ядуурлын туйл, хүмүүнлэгийн хямрал болон хор уршигтай уламжлал нь сарын тэмдэг ирэх үеийг ядуу тарчгийн болон гутаан доромжлолын үе болгон хувиргах чадалтай. Энэ мэт эмзэг байдал нь гагцхүү цар тахлын улмаас бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ, мэдээллийн хүртээмж буурсантай зэрэгцэн өсөж байгаа юм.

Нөхцөл байдал хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, хорих ял эдэлж буй хүмүүс, дүрвэгсэд, цагаач эмэгтэйчүүд, хоргодох байрны оршин суугчид зэрэг хөл хорионы улмаас гачигдалд орж, хувийн орон зай нь хязгаарлагдсан бүх хүмүүст ижилхэн тулгарч байна.
 

7. КОВИД-19 халдвараас сэргийлэх

Нүүлгэн шилжүүлэх хуаран, албан бус суурьшилд амьдарч буй хүмүүс, ядуу иргэдийг ус, эрүүл ахуйн болон ариун цэврийн үйлчилгээгээр хангах нь цар тахлын эсрэг илүү өргөн хүрээтэй хариу арга хэмжээ авахад тус дөхөм болно. Эдгээр үйлчилгээ нь одоо илүү чухал хэрэгцээтэй болсон хэдий ч урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр аюул заналхийлэлд байна. 

Эдгээр иргэд, оршин суугчдад одоо саван, цэвэрлэгээний материал болон засвар үйлчилгээний ажилтнууд дутагдаж байна. Энэ бүхэн КОВИД-19 халдварын эсрэг хариу арга хэмжээ болон сарын тэмдэг нь ирдэг хүмүүсийн эрүүл мэнд ба хүний эрхэд аль алинд нь сөрөг нөлөөтэй.  
 

8. Цар тахлын үед сарын тэмдгийн эрүүл ахуй, ариун цэврийн талаарх мэдээллийг олж авахад хэцүү байдаг

Боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ тасалдсан тул сарын тэмдгийн эрүүл ахуй, ариун цэврийн талаарх үндсэн мэдээллийн урсгал ч мөн тасарчээ. Хүмүүсийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, гутаан доромжлол, ичгүүрийг арилгахын тулд бид сарын тэмдгийн тухай цуурхлыг няцаах, эерэг, үнэн зөв мэдээллийг түгээхүйц мэдлэг олгох шинэ, бүтээлч аргуудыг урьд өмнөхөөс илүүтэйгээр нээж олох ёстой.
 

9. Сарын тэмдэгтэй холбоотой хор уршигтай уламжлал нь хүмүүсийг цар тахалд илүү эмзэг өртөмхий болгож байна 

Зарим уламжлал ёсоор сарын тэмдэг нь ирсэн хүмүүсийг “сарын тэмдгийн овоохой”-д байршуулах, эсвэл төрөл садных нь гэрлүү илгээх ёстой гэж үздэг нь тухайн сарын тэмдэг нь ирсэн хүний хүн хоорондын зай барих боломж нөхцлийг хязгаарлах эрсдэлтэй. Өөр бусад хор уршигтай уламжлал хүмүүсийг сарын тэмдэг нь ирсэн үед бэлэг эрхтэндээ хүрэх, угааж цэвэрлэхийг цээрлэн хориглодог. Зарим нь сарын тэмдэг нь ирсэн хүмүүс усны эх үүсвэр юм уу жорлонг бохирдуулна гэлцдэг.

Ердийн үед ч гэсэн сарын тэмдэгтай холбоотой хорио цээр, уламжлал нь гадуурхал, эмзэг байдлыг бий болгодог. Цартахлын үед эдгээр уламжлалууд нь хүмүүсийн КОВИД-19 халдвараас өөрийгөө хамгаалах чадварыг сулруулж, нөхцөл байдлыг улам дордуулж болзошгүй. 

 

Бидний авч буй хариу арга хэмжээ

  

Oky app
UNICEF

НҮБ-н Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн Амын Сан болон бусад түнш байгууллагууд КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний үед газар дээр нь сарын тэмдгийн ариун цэврийн хэрэгслээр хангах, аюулгүй орчныг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Энэ хүрээнд дараах үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх боломжтой. Үүнд:   

Хүүхэд, гэр бүлүүд, мөн түр саатуулах байр, засан хүмүүжүүлэх газар, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах байр, эрүүл мэндийн төв, асрамжийн газар, хорио цээрийн байгууламж гэх мэт тэргүүн шугамд ажиллаж буй ажилтнуудыг ариун цэврийн хэрэгсэл, эрүүл ахуйн бүтээгдэхүүнээр хангах.

Сарын тэмдгийн эрүүл ахуй, КОВИД-19 халдварын талаарх цуурхлыг таслан зогсоож, үнэн зөв мэдээлэл түгээх.

НҮБ-ын Хүн Амын Сан эцэг эхчүүдэд хүүхдэдээ сарын тэмдгийн эрүүл ахуйн талаарх мэдээлэл өгөхөөс эхлээд хүмүүст өөрсдийн гэсэн дахин ашиглах боломжтой сарын тэмдгийн хэрэглэгдэхүүнийг хэрхэн хийх тухай заах хүртэлх олон сэдвээр сургалтын дүрс бичлэг бэлтгэн нийтэд түгээсэн.

НҮБ-н Хүүхдийн Сангийн “Oky” сарын тэмдгийг хянагч aпп нь охидыг сарын тэмдгийн талаарх хүүхдэд ээлтэй мэдээлэл болон сарын тэмдгээ хянах үйлдэл, мөн КОВИД-19 халдварын тухай мэдээллээр хангадаг. 

 

This article is a joint collaboration between UNICEF and UNFPA, lead agencies in the effort to ensure the health and rights of all people who menstruate. See a version of this article on UNFPA’s website.

Энэхүү нийтлэл нь 2020 оны 5-р сарын 27-нд анх нийтлэгдэж, хамгийн сүүл 2020 оны 8-р сарын 31-нд шинэчлэгдсэн.


< НҮБ-ын Хүүхдийн Сангийн КОВИД-19 хуудас руу буцах