Монгол дахь Суурин төлөөлөгч

Эваристе Коуасси-Комлан

Eva

Эваристе Коуасси-Комлан нь 2021 оны 11-р сард Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгчөөр томилогдсон.

Тэрээр дэлхийн олон улс орнууд дахь хүүхдийн аж байдал, тэдэнд тулгамдаж буй асуудлаар ажиллаж байсан, энэ чиглэлээр уур амьсгалын өөрчлөлт болон нийгмийн салбарууд хоорондын уялдаа холбоог хангах, хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэхэд онцгой анхаарал хандуулж ирсэн арвин туршлагатай юм.

Үүнээс өмнө тэрээр 2018 оноос хойш Тайланд дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн оффист ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй хариуцсан бүсийн зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд тус бүсийн нийт 24 оронд шинэ шийдэл, санаачилгуудыг хэрэгжүүлэхэд манлайлан ажиллаж байсан.

Дээрх хугацаанд тэрээр мөн Мьянмар улс дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Орон нутгийн салбар хариуцсан даргын албыг түр хашиж байсан ба ингэхдээ 8 салбар нэгжийг удирдан ажилласан.

2012-2018 онд Нью-Йорк дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн төв оффист ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн Ахлах зөвлөх болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэлхийн ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн хөтөлбөрийн дэд захирал, захирлаар ажиллаж байсан. Ингэхдээ тэрээр дэлхийн 100 гаруй улс орнуудад ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн салбарын бодлого, хүний ​​нөөцийн хөгжил, төлөвлөлт, хяналт үнэлгээ болон бусад удирдлагаар ханган ажилласан. Коуасси-Комлан нь 2008-2012 онд Мадагаскар дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн ус, ариун цэвэр, эрүүл ахуйн багийн ахлагчаар ажиллаж байсан төдийгүй мөн хугацаанд Шадар Суурин төлөөлөгчийн үүргийг давхар гүйцэтгэж байсан.

2003-2008 онд Коуасси-Комлан нь Буркина Фасо дахь Африкийн ус хангамж, ариун цэврийн бүсийн төв (Centre Regional pour l'Eau Potable et l'Assainissement)-д Гадаад харилцаа, судалгаа, стратегийн хөгжлийн газрын захирлаар ажиллаж, Африкийн франц болон англи хэлтэй нийт 24 оронд удирдлага, арга зүйн дэмжлэг үзүүлэн ажилласан. 2003 оноос өмнө тэрээр Дэлхийн банк, Олон улсын усны нөөцийн төв (IRC), Билл ба Мелинда Гейтсийн сан, Африкийн хөгжлийн банк, Африк болон Азийн олон улс орнууд дахь сан, засгийн газруудад зөвлөхөөр ажиллаж байсан.

Коуасси-Комлан Нидерланд улсын Усны боловсролын институтийн Ашиглалтын менежментийн магистр цолтой. Их Британийн Кембрижийн их сургуулийн Жаджын нэрэмжит Бизнесийн Сургуулийн удирдлага, хөгжлийн сертификаттай.

Коуасси-Комлан нь Того улсын иргэн.